“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо оролцохоос одоогийн байдлаар албан ёсоор Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайвань зэрэг улс оролцохоо мэдэгдээд байгаа аж.
Мөн 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 430 орчим зочин оролцох урьдчилсан мэдээтэй байна. Тэмцээн зохион байгуулах есөн байгууламжаас наймтай нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулахдаа “Уг наадмыг зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.
Спорт наадмын үеэр тэмцээний төрөл тус бүрт тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн ажилтны баг, үзэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлэх олон нийтийн эмч, байгууламж бүрийн гадна талд түргэн тусламжийн үйлчилгээний баг ажиллана. Мөн допингийн дүрэм ёсоор тамирчдаас 200-250 допингийн шинжилгээ авах бөгөөд 106 хүн хянагчаар ажиллана. Сайн дурын ажилтнаар дотоодын 2650, гадаадын 157 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалтыг эхлээд байна” гэсэн юм.
Мөн тус наадам нь бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд оролцогчид нь 18 хүртэлх насны хүүхдүүд учраас аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг ч зохион байгуулагчид хэлж байна.