Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: Улсын хэмжээнд өвс тэжээлийн нөөц хэр их байна вэ. Энэ чиглэлд гаалийн болон татварын хөнгөлөлт үйлчлэх үү?
Т.Баярхүү: Нийт нутгийн 80 хувьд зудын хүндрэлтэй байна. Тэжээлийн өвсний импортын татварыг тэглэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх байх.
Харин зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргуулан авч байгаа. Долоо хоногт 1,000 орчим тэжээл импортоор орж ирж байна. Манай дотоодын үйлдвэр хоногт 500 орчим тонн тэжээлийг тогтмол үйлдвэрлэдэг.
Улсын нөөцөд байсан 26,000 орчим тонн өвс тэжээлийг аймаг, орон нутгуудад хүргэх, тараах ажлууд зохион байгуулагдаж байна. Дараагийн нөхөн хангалтуудыг хийж буй.
Сэтгүүлч: Хандив тусламж малчдад тэгш хүртээмжтэй хүрч чадаж байгаа юу?
Т.Баярхүү: Эхний ээлжид нэн хүндрэлтэй айл, өрхүүд рүү өвс тэжээлийн хангамж, хүнс, эрүүл мэндийн багцын тусламж хүргэхээр ажиллаж байна. Дараагийн ээлжийн хангамж буюу улаан буудайг хүргэх, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа. Хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Сэтгүүлч: Нэн хүндрэлтэй айл өрхүүд рүү хугацаат цэргийн албан хаагчдыг дайчилж байгаа гэсэн үү?
Т.Баярхүү: Хугацаат цэргийн албан хаагчдыг дайчлах асуудал одоохондоо яригдаагүй. УОК-ын шуурхай штаб, аймаг, орон нутгуудаас мэдээлэл авч ажиллаж байна.
Цасанд дарагдсан айл өрхүүдийн цасыг цэвэрлэх ажилд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас албан хаагчид ажиллуулах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг давхар төлөвлөж буй.