Өнгөрсөн онд Умард Солонгосын дэглэм хиймэл сормуусны экспортоос олон сая ам.долларын орлого олсныг Ройтерс агентлаг олж тогтоожээ.
Ингэхдээ “Хятадад үйлдвэрлэв” гэсэн нэрээр дэлхийн олон оронд, тэр дундаа Өрнөдийн орнууд, Өмнөд Солонгос, Японы зах зээлд нийлүүлэгдэж байсан байна.
Ройтерс энэ баримтыг илрүүлэхдээ хиймэл үс, сормуусны салбарын 20 орчим хүн, худалдааны мэргэжилтэн, Умард Солонгосын эдийн засаг судлаач нараас мэдээлэл цуглуулжээ.
Умард Солонгосоос илгээсэн бэлэн бүтээгдэхүүнийг Хятадын компаниуд өөрийн нэр дээр хайрцаглаж савлаад гадаад зах зээлд гаргадаг юм байна.
Ингэснээр Умард Солонгосын дэглэм олон улсын хоригийг давж, олон сая ам.долларын орлого олдог ажээ.
Цар тахлын өмнө цэцэглэж байсан энэ бизнес 2023 онд дахин сэргэсэн байна. Тухайлбал 2023 онд Хятадад экспортолсон Умард Солонгосын бараа бүтээгдэхүүний 60 хувийг хиймэл үс, сормуус эзэлжээ.
Энэ онд тус улс нийтдээ 1,680 тонн хиймэл үс, сормуус, сахал Хятадад экспортолж, $167 саяын орлого олсон байна.
2019 онд ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ хямд байхад 1,829 тонныг экспортолж, $31.1 саяыг олж байжээ.
Умард Солонгосын дэглэм гадаад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдийнхээ орлогын 90 орчим хувийг хураадаг гэсэн мэдээллийг АНУ-ын төрийн департамент гаргаж байсан.
Тиймээс хиймэл сормуусны үйлдвэрлэлийн ихэнх орлого Ким Жон Уны дэглэмийн халаасанд ордог нь харагдаж байна.
Зүүн Хятадын Пинду нэртэй жижиг хот өөрийгөө “дэлхийн сормуусны нийслэл” гэж өргөмжилдөг.
Тус хотын ихэнх компани Умард Солонгост үйлдвэрлэсэн хиймэл сормуусыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд гаргадаг байна.
Ийм бүтээгдэхүүнийг АНУ, Бразил, ОХУ-д гаргадаг Monsheery компанийн төлөөлөгч Ван Тинтин үүнийг баталжээ.
Умард Солонгосын сайн чанарын бүтээгдэхүүн түүний гэр бүлийн жижиг дэлгүүрийг богино хугацаанд экспортлогч компани болгож өсгөсөн гэнэ. Пинду хотын компаниудын 80 хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг Умард Солонгосоос авдгийг Хятадын энэ салбарын холбоо вэб сайтдаа мэдээлсэн байна. Пиндугийн компаниуд хиймэл сормуусны дэлхийн зах зээлийн 70 хувийг хангадаг тухай тус хотын захиргаа мэдээлжээ.
Хиймэл сормуусыг голдуу нийлэг материалаар, бас усны булга, хүний үсээр хийдэг гэнэ.
Умард Солонгосын бүтээгдэхүүний чанар өндөр, Хятадын үйлдвэрлэгчид ч тэдэнтэй өрсөлдөж чаддаггүй байна.
Тухайлбал Өмнөд Солонгосын Cinderella Amisolution компанийн гүйцэтгэх захирал Чой Жи Вон энэ талаар Ройтерс агентлагт ярьжээ.
Цар тахлын үеэр хил хаагдахад Умард Солонгосын нийлүүлэлт тасалдаж, Хятадын харилцагч компаниуд нь өөр эх үүсвэртэй бүтээгдэхүүнийг санал болгож байсан гэнэ.
“Тэдний бүтээгдэхүүн Умард Солонгосынхоос тэс өөр байсан. Ийм байдлаар бүтэхгүй юм байна гэж би тухайн үед бодож байлаа” гэж Чой Жи Вон ярьжээ.
Эх сурвалж: Reuters