Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Украины түрэмгийллийн эсрэг тэмцлийг санхүүжүүлэхгүй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ. Тэрбээр Трамптай уулзсаны дараахан “Украин-Оросын дайнд Дональд Трамп ширхэг зоос, нэг ч төгрөг өгөхгүй. Тийм ч учраас дайн дуусна” гэв.
Үүнтэй адил, АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп дахин сонгогдвол дайныг “24 цагийн дотор дуусгана” гэж амласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ерөнхий сайд Орбан 2024 оны Цагаан ордны уралдаанд урт хугацааны холбоотон буюу Трампыг ил тод дэмжиж буй.
Ерөнхий сайд Орбан Ням гаригийн орой Унгарын “M1” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “Украин хөлөө олохгүй нь тодорхой. Хэрвээ АНУ, Европтой хамтран мөнгө, зэвсэг өгөхгүй бол дайн дуусна. Мөн америкчууд мөнгө өгөхгүй бол европчууд дангаараа энэ дайныг санхүүжүүлж чадахгүй. Тэгээд л дайн дуусна” гэжээ. Трамп Орос-Украины дайныг хэрхэн зогсоох талаар “нэлээн нарийвчилсан төлөвлөгөөтэй” гэж Орбан нэмж хэлсэн боловч дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Трамп Ерөнхий сайд Орбаны телевизэд өгсөн ярилцлагын талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна. Трампын Мар-а-Лаго дахь харшид Баасан гаригт болсон уулзалтын үеэр “Виктор Орбанаас илүү сайн, ухаалаг, мундаг удирдагч гэж байхгүй. Тэр бол гайхалтай” гэж ерөнхийлөгч асан асан Трамп Орбаныг магтсан юм. Орбан АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Трампын гол өрсөлдөгч болох АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаагүй. Айлчлалаар ирсэн гадаадын удирдагч одоогийн удирдлагуудыг үл тоон, хуучин хамтрагчидтайгаа яриа хэлэлцээ хийх нь анхаарал татсан үзэгдэл юм.
Эх сурвалж: BBC