Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.03.01/ ээлжит мэдээллээ хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Нийт 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй, хүн хүчний дэмжлэг шаардлагатай айлуудын мэдээллийг цуглуулан гаргаж, ажиллах шаардлагатай албан хаагчдыг томилсон. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний 214 алба хаагч 21 нэгж техниктэйгээр хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн сумдад үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Аймаг, сумын Онцгой комисс өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиас 2695 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 3614 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 424 өрхөд хоол хүнсний тусламж хүргүүлсэн. Нийт 37.754 өрхөд 102 мянган боодол өвс, 48.392 малчин өрхөд 1500 тонн тэжээл хүргэсэн.
Давхардсан тоогоор 507 албан хаагч 111 техник хэрэгсэлтэйгээр энэ ажлыг зохион байгуулж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 367 албан хаагч 137 техник хэрэгсэлтэйгээр аймаг сумдад үүрэг гүйцэтгэж байгаа.
Хаагдсан зам давааг нээх, айл өрхүүдэд хоол хүнс, малын тэжээл хүргэх зэрэг ажилд аймгуудын онцгой комисс дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн 17 аймгийн 74 суманд хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 5356 өрхөд хүрч, 3000 орчим тонн тэжээлийг хүргэсэн байна. Хүндрэлтэй байгаа 15 аймагт зам гаргах шаардлагатай байгаа тооцоог гаргаж, албан хаагчдыг дайчлан 71751 км замыг гаргасан. Засгийн газраас хоёр дахь ээлж болгон Хөдөө аж ахуйн корпораци дээр хадгалж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 аймаг гэрээ байгуулж, Баянхонгор, Хэнтий, Завхан, Төв гэсэн дөрвөн аймаг татан авалтыг эхлүүлсэн байна. Мөн 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр болсон. Өнөөдрөөс эхний түгээлтийг ачаад гарсан байна. Малчдад туслах аяныг улс даяар зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 33 иргэн, 55 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 сая төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалыг хандивлаад байна. Эхний ээлжид УОК-т хандивласан бараа материалыг хоёр дахь ээлжийн хүнсний тусламжтай цуг орон нутаг руу хүргэж байна.
“ЭМЯ-НААС 7 БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХААР БЭЛЭН БАЙДАЛД БАЙНА”
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал:
-Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2024 оны хоёрдугаар сарын 26-нд тушаал гаргаж, орон нутгийн захиалгаар, улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгаас суралцаж байгаа 318 резидент эмч нарыг орон нутгийн эмнэлгийн харьяалалд шилжүүлэхээр болсон. Хугацааны хувьд, гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад ажиллуулна.
Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж, үндсэн цалинг нь бүрэн олгож, замын зардал, албан томилолтын мөнгийг олгохоор болсон. Энэ ажилд нийт 325 сая төгрөгийг зарцуулна.
Орон нутгийнхан бэлтгэлээ хангаж, эмч нараа хуваарилан ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас долоон баг орон нутагт ажиллахаар бэлэн байдалд байна. Эмийн багцыг бэлдэж, орон нутагт ажиллах эмч нартаа өгнө. Олон улсын байгууллагад эмийн захиалга хүргүүлж, удахгүй ирнэ.
“ЭНЭ ЖИЛ ГАЗАР НУТГИЙН 70 ХУВЬ НЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ЦАСАН ДАХЬ УСНЫ НӨӨЦ 70.5 КМ.КУБ ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА”
Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр:
-Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн, томоохон гол нууруудын өмнөх 10 хоногоосоо мөсний зузаан нь 5-10 см нэмэгдсэн. Гол нуурын мөсний зузаан харилцан адилгүй байдаг учраас мөсөн дээгүүр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд гарам ашиглахыг зөвлөж байна. Нийслэлийн Сэлбэ, Туул гол орчмоор шар усны үерийн оргил үе нь дөрөвдүгээр сарын 14-нд байдаг.
Өнгөрсөн 80 жилийн мэдээг харьцуулахад энэ өдөр тохиолдож байжээ. Энэ жилийн хувьд орсон цасны хэмжээ, температурын огцом хэмжээ шар усны аюулд шууд нөлөөлдөг.
Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 70.5 км.куб хэмжээтэй бөгөөд өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин их байна. Гол мөрөн гуравдугаар сарын 20-ноос хайлж эхэлдэг.