Урлаг судлаач Кристианна Бонин өнгөрөгч арванхоёдугаар сард Монголд хүрэлцэн ирж, “Lkham Gallery”-тай хамтран хэд хэдэн эвент болоод арга хэмжээнд оролцон, урлагийн тухай олон нийттэй хууч хөөрч, өөрийн мэдлэг, мэдрэмжээсээ хуваалцсан юм. Түүний урлагийн тухай, Монголын урлагийн онцлог агаад гоо үзэсгэлэнтэй талуудын тухай хөөрөлдсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ. Энэ удаагийн зочлол тань бусдаасаа хэр өөр мэдрэмж төрүүлж байна?
-Би Монгол улсад зургаа дахь удаагаа зочилж байна. Ирэх болгонд би Монголын өөр нэгэн сонирхолтой талыг нээн олох шиг санагддаг. 2022 оны зун би анх Монголд ирж байсан. Ойр ойрхон олон удаа ирсэн ч хангалттай их цагийг өнгөрүүлж чадаагүй юм шиг санагддаг. Гэхдээ ингээд харахад энэ богино хугацаанд Монголын галерей контемпорари урлагийг илүү их сонирхож, энэ тал руу хүрээгээ тэлж буйг харах их сэтгэл хөдлөм байгаа. Анх ирж байхад хаалттай маягаар уран бүтээлчидтэй ярилцаж, энэ талаар уулзалт хийж буй анхны удаагийнх болж байсан ч одоо олон газар, музей янз бүрийн лекц, арга хэмжээ зохион байгуулдаг болж байна. Уран бүтээлчид одоо илүү хүмүүстэй харилцаж, хийж буй зүйлээ хуваалцахыг хүсдэг болж байгаа нь анзаарагдсан. Энэ маш чухал.
-Манай уран бүтээлчдийн бүтээлүүд танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Юугаараа онцлог, бас нөгөө талаас танд ойр санагддаг вэ?
-Сүүлийн 10 жилийн турш би Төв Ази болон ОХУ-ын урлагийн түүхийг судалж байна. Зөвлөлт Холбоот улсын үеийн урлаг соёлын бодлогын тухай сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж байсан. Тиймээс би Төв Азийн төдийгүй Монголын урлагийн өөрчлөлт хувьсал, түүхийн талаар суралцахад ихээхэн цаг зарцуулсан. Урлагийн түүхэн нөхцөл байдлын талаар би бага сага мэддэг болчихсон ирж байсан ч мэдээж хэрэг цоо шинэ газар хүрч ирснээрээ илүү олон зүйлийг сурч, мэдэх боломжтой болсон. Орчинд нь ирж, өөрийн биеэр энэ бүхнийг харна гэдэг судлаачийн хувьд хамгийн эхний бөгөөд хамгийн чухал зүйл.
Монголын урлагийн түүх, тэр дундаа “Бурхан зураг”, “Шүтээн зураг” гэгддэг танка зургийн тухай би ихээхэн судалж, суралцах боломж олдсон. Мөн энэ улс орны өвөрмөц хэв маягийг шингээн, өөр өөр арга барилаар сүлбэн бүтээсэн олон төрлийн зураг, уран бүтээлтэй танилцах ховор сайхан боломж олдсон юм. Монголын уран бүтээлчид маш сонирхолтой материал ашигласан, нарийн техник шаардсан бүтэц бүхий бүтээлүүд хийдгээс гадна ан амьтадтай тогтоосон нягт холбоогоо харуулж чаддаг нь сэтгэл татам. Энэ төрлийн онцлог хэв маяг нь бөө мөргөлийн түүх, зан заншлаас улбаатай байдаг. Одоо үед идэвхтэй бүтээлээ туурвиж буй монголын контемпорари уран бүтээлчид эдгээр арга барил, түүхтэй ихээхэн холбогдсон байдаг. Тиймээс та бүхний урлагтай танилцах, соёл урлагт суралцах нь надад үнэхээр сонирхолтой байсан.
-Та Монголд тавьж буй лекцийнхээ тухай уншигчидтай хуваалцаач. Таны хүмүүст хүргэхийг хүссэн санаа, гол агуулга юу байсан бэ?
-Би “Lkham Gallery”-д тавьсан лекцээрээ үнэ цэнийн тухай хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Уран бүтээл маш үнэтэй байх нь элбэг, тийм үү? Жишээ нь ямар нэг уран зураг эсвэл баримал байдаг ч юм уу. Гэхдээ хүмүүс яагаад тэр бүтээл тийм их үнэ цэнтэй байгааг тэр болгон ойлгодоггүй. Би энэ тухай хүмүүстэй хуваалцахыг зорьсон. Урлагийн үнэлэмж хаанаас гарч ирдэг вэ? Энэ нь бусад төрлийн бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатай эсвэл төстэй вэ? Би эндхийн бизнесийн хүрээнийхнээс “Өө би урлагийн талаар юу ч мэдэхгүй, би сонирхдоггүй ээ” гэж хэлэхийг олонтаа сонссон. Гэхдээ бизнесийнхний хувьд урлагийг заавал сонирхох хэрэгтэй гэж би боддог. Урлаг гэгч нь өөрөө маш содон эдийн засаг агаад зах зээл шүү дээ. Мөн үүнээс гадна урлагийн бүтээлийн чанарыг хэрхэн тодорхойлох тухай ярьсан. Бид томоохон тансаг брэндийн эд зүйл худалдан авахдаа заримдаа түүнд хэтэрхий их мөнгө төлж байгаа мэт санагддаг. Заримдаа бид олны дунд нэр хүнд, нөлөөллийг бий болгохын тулд түүнийг худалдан авдаг, тийм үү? Урлаг ч бас үүнтэй ижил байдаг. Ямар нэг урлагийн бүтээл худалдаж авлаа гэхэд тэр нь заавал гайхалтай сайн бүтээл байх албагүй байдаг. Энэ мэт сэдвээр би Монголын урлаг сонирхогч болоод бүтээлчидтэй ярилцан, цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн.
-Та сүүлийн үед урлагийн ямар чиглэлээр судалгаа хийж, мөн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Би яг одоо контемпорари уран бүтээлчид болоод түүнтэй хамтран ажиллаж буй галерейг ихээхэн судалж, үүн дээр ажиллаж байна. Төрөл бүрийн сэдэв, төрлөөр бүтээл туурвидаг хүмүүс болоод түүхэн ач холбогдлыг бүтээлдээ шингээдэг уран бүтээлчидтэй хамтарч байгаа. Гэхдээ гол асуудал нь тогтвортой байдал юм. Энэ бол Монголд төдийгүй дэлхийд томоохон асуудал болоод байгаа зүйл. Би дэлхий дахинд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг илүү хүргэж, ойлгуулах тал дээр анхаарах ажиллахыг хүсэж байгаа. Дэлхий дахин Араб болоод Европын урлагийн түүхийг магадгүй илүү судалж байгаа бол би Зөвлөлт Холбоот Улсын үеийн урлагийн түүх, мөн Монголын түүхийг илүүтэй сонирхож байгаа. Би саяхан Казакстанд судалгаа хийж дуусгасан байгаа. Яг одоо “Soviet Orient” хэмээх номон дээрээ ажиллаж байна.
-Анх урлагт татагдаж, тэр тусмаа урлагийн түүхийг судлах болсон гол шалтгаан тань юу байсан бэ?
-Миний олон төрлийн сонирхол бас миний чадварууд энэ зүгт намайг хөтөлсөн гэж боддог. Хүүхэд байхдаа би унших дуртай, бичих дуртай, бас ямагт аливааг сониучирхдаг байсан. Найз нартайгаа театрын үзүүлбэр бэлдэж үзүүлэх, дэглэх гэх мэт зүйлийг ихээхэн шохоорхоно. Бүтээлч, бас өөрийгөө илэрхийлэх тал дээр сайн байхаас гадна их сэтгэлийн хөдөлгөөнтэй байсан л даа. Хүмүүстэй хамтран ажиллах нь надад таатай байдаг. Тийм ч учраас багшилж, уран бүтээлчидтэй ярилцаж, зөвлөх, тал дээр илүү боломж бий болсон. Бас би аялах маш их дуртай. Шинэ хэл сурах, сонсох ямагт таатай байдаг. Адал явдалд мөн татагдан орох дуртай. Энэ бүхэн нийлсээр, одоогийн ажил мэргэжил, сонирхол руу намайг хөтөлсөн гэж боддог.
-Таны хувьд урлаг гэдэг юу болохыг хамгийн энгийнээр бусдад тайлбарлавал юу гэх вэ. Урлагийн гоо үзэсгэлэн нь юундаа байдаг вэ?
-Урлаг гэгч нь яг юу болох тухай маш олон түүхэн тодорхойлолтууд бий л дээ. Гэхдээ одоо үед урлаг гэгч хүмүүсийн хэлж ярьж буй бүх зүйл байх боломжтой болоод байна. Энэ ойлголт маш өргөн болсон. Миний хувьд урлаг бол ямар нэг сайн сайхан зүйлийг хэлнэ. Яг л харахыг хүсэж буй зүйлээ мөрөөдөн байхдаа түүнийг харах боломжтой нүдний шил зүүчих шиг санагдахыг урлаг гэх байх. Маш олон төрлийн шил байдаг бөгөөд магадгүй тэнд түүхэн цаг үеийг мэдрүүлэх шил ч байгаа. Түүнийгээ зүүгээд л 18-р зууны үед оччих шиг, тэр үеэр эргэн тойрноо харж болно. Өмнө нь байсан ч одоо байхгүй зүйлийг харах боломжтой болно. Тэр зүйлийг харахад өөрт чинь нөлөөлж, сэтгэлийг чинь хөдөлгөж, гуниглуулж эсвэл баярлуулж болно.
Мөн урлаг гэгч үргэлж асуулт асууж байдаг зүйл шиг. Өөр зүйлийг харж, мэдрэхэд хүргэнэ. Зарим зүйлийг харин урлаг гэж нэрлэх боломжгүй байдаг. Илүүтэйгээр “чимэглэл” гэвэл зохилтой байх. Чимэглэл байх нь гэхдээ муу зүйл биш. Бидний амьдрал тэр зүйлсийн ачаар илүү өнгөлөг, сонирхолтой гэгээлэг байж болно. Гэхдээ чи үргэлж хүчтэй мэдрэмж төрүүлж, чамайг хатгаж байдаг зүйлтэй амьдарч чадахгүй шүү дээ. Тэр бүхэн бол чимэглэл.
-Уран бүтээлч байхын тулд яг юу шаардагддаг вэ? Авьяас эсвэл бүтээлч байдал байхад л хангалттай юу? Эсвэл өөр ямар нэг зүйл дутагддаг юм болов уу? Уран бүтээлч байхын тулд уран бүтээлчдэд яг юу хэрэгтэй байдаг вэ?
-Үнэхээр сонирхолтой, гайхалтай асуултууд асууж байгаад баярлалаа. Уран бүтээлч байхад гол нь өөрийгөө зориулах, түүнийхээ төлөө хичээх хүсэл, зорилго байх ёстой. Чи ямар нэг зүйлд сайн байхыг хүсвэл тэр зүйл чинь үргэлж хичээл зүтгэл шаардах болно. Чи үнэхээр түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй болно. Чи үнэхээр уран бүтээлчээрээ л амьдрахыг хүсвэл тэр чиний хийж чаддаг цор ганц зүйл мэт байх хэрэгтэй болно. Яг л өөр ямар ч зүйл хийж үл чадах мэт. Маш цөөн тооны хүн л уран бүтээлээсээ мөнгө олж амьдрах боломжтой байдаг нь даанч харамсалтай. Дэлхий дээр маш олон уран бүтээлч нар бий ч хангалттай их галерей байхгүй. Гэтэл түүнээсээ ч бага цуглуулагч бий. Урлагийг худалдан авагчид тун цөөн. Тиймээс энэ бол маш хэцүү зам.
Мэдээж авьяас чухал хэдий ч бас өөрийгөө хөгжүүлэх нь чухал байдаг. Би нэг хэсэг уран зургийн хичээлд суусан. Би зурах тал дээр маш авьяаслаг хүн гэж өөрийгөө хэлэхгүй ч хичээлийн төгсгөл гэхэд өөрийн гаргаж буй өөрчлөлтүүд, дэвшлийг анзаарч байсан. Тиймээс авьяас, өөрийгөө зориулах хичээл зүтгэл хоёр хослох нь чухал. Үнэхээр чамд бүтээлээрээ дамжуулан хэлэхийг хүсэж буй чухал санаа бий бол түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Бас чи амжилттай байхыг хүсэж байгаа бол өөрийн чинь бүтээлийг сурталчлах тал дээр тусламж хэрэг болно. Урлагийн шүүмжлэгчидтэй найзлах хэрэгтэй. Хүмүүс чиний бүтээлийн тухай ярилцаж байх нь чухал. Уран бүтээлч болох шулуун зам гэж үгүй ч энэ бүхэн ихээхэн нэмэр болно гэж найдаж байна.
-Та урлагийн өнгөрснийг судалдаг. Гэхдээ бас урлагийн явж буй чигийг ч харж буй. Тэгэхээр бид уран бүтээлийн хувьд юу руу чиглэж байна вэ? Бид өнгөрсөн үе рүүгээ илүүтэй буцаж, ойртох хөдөлгөөнд байна уу эсвэл бид өөрсдийн төсөөлж байснаас ч холын ирээдүй рүү харж байна уу?
-Би үүх түүх, уугуул мэдлэгээ ашиглаж, түүнийг бүтээлдээ багтааж буй контемпорари уран бүтээлчдийг харах маш дуртай. Бид яг одоо бөө мөргөл болоод түүнтэй холбоотой бүтээл туурвиж буй уран бүтээлчдийг сонирхож байгаа. Уран бүтээлч Ц.Номинг жишээ болгож болох юм. Би Монголд ирээд түүнтэй танилцаж байсан. Түүний ашиглаж буй материалаас шалтгаалан бүтээлийг нь харах явцад байгальд илүү ойртсон мэт сэтгэгдэл төрдөг. Түүн шиг сэтгэж, урлаж буй уран бүтээлчид маш ухаалаг бас өвөрмөц. Орчин үеийн ертөнцөд бид байгаль дэлхийгээ сүйтгэж байна. Гэтэл бидний өвөг дээдэс хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг мэддэг байсан. Монголын малчид, нүүдэлчид бол үүний нэгэн гайхалтай жишээ. Хүнд ширүүн цаг уурын нөхцөл байдлыг даван гарч чадаж байгаагаас нь л харахад тэд яаж эргэн тойрны зүйлстэйгээ харилцан ойлголцохоо мэддэг нь харагдана. Тиймээс хүн болоод байгалийн холбоо хамаарлын тухай уран бүтээлээ туурвиж буй Монголын уран бүтээлчдийг харахад сэтгэл хөдөлж байна.
Мөн одоо хиймэл оюун ухаан гол ярианы сэдэв болоод байна. Түүний зураг бүтээж буй явц цаашид уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлөх нь маш сонирхолтой. Одоо энэ тал дээр философийн маргаанууд өрнөж буй. Машинууд бүтээлч байж чадах уу? Эсвэл бүтээлч байдал зөвхөн хүмүүст байдаг зүйл үү? Энэ мэт олон зүйл бидний урлагийн ирээдүйд нөлөөлөхөөр байна.
-Монголын контемпорари уран бүтээлчид илүү дэлхийд гарахад юу хэрэгтэй байгаа гэж та бодож байна вэ?
-Урлаг, бүтээлийн тухай нээлттэй яриа, хэлэлцүүлэг илүү хэрэгтэй байгаа. Мөн илүү олон мэргэжлийн урлаг шүүмжлэгчид бэлтгэгдэх шаардлагатай. Тэр тусмаа нээлттэй, шударга ярьж чаддаг бие даасан шүүмжлэгчид урлагийн хөгжилд асар их нөлөөтэй байдаг. Мөн Монголын уран бүтээлчид шүүмжлэл болоод саналд илүү нээлттэй хандаж чаддаг байх нь чухал. Урлагийн хүрээлэл дотроос, эсвэл гаднаас ирсэн аль ч шүүмжлэлд илүү нухацтай хандаж, өөртөө тусгаж авах хэрэгтэй. Хэрэв уран бүтээлч болохыг хүсвэл, энэ чиглэлээр амжилттай баймаар байвал чи хөрвөж, өөрчлөгддөг байх ёстой. Харин тэгэхийн тулд шүүмжлэл хүлээн авч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол чи хийдгээ л хийсээр, нэг зүйлээ дахин дахин давтсаар байх болно. Тиймээс урлагийн тухай ярианд шинэ дуу хоолой, үзэл бодол байх ёстой.
-Таны одоо Монголд хийхээр зорьж буй дараагийн том төсөл юу байна вэ? Нууц биш бол хуваалцана уу.
-Бид яг одоо дэлхийд алдартай олон улсын уран бүтээлчдийг Монголд авчрах тал дээр ажиллаж байна. Ирэх зун гэхэд бид олон уран бүтээлчдийг урьж авчран уулзалт хийж, олон сонирхолтой хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх бодолтой байгаа. Бид хэсэг хугацааны дараа ирэх хүмүүсийн нэрийг зарлахаар төлөвлөөд байна. Тэднээс суралцахаас гадна мөн Монголын уран бүтээлчдээс суралцах, хамтран аливаа нэг зүйл дээр ажиллах гэх мэтээр олон төрлийн үр дүнтэй үйл ажиллагаанд зорьж байна. Бид энэхүү үйл ажиллагаанд догдолж, маш ихээр хүлээж байгаа шиг Монголын уран бүтээлчид, урлаг сонирхогчдыг ч мөн маш ихээр идэвхтэй оролцож, нээлттэй хүлээн авна гэдэгт итгэж байна.
-Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Шинэхэн төсөл, сэтгэл хөдлөм үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Ийм сайхан яриа өрнүүлж чадсандаа үнэхээр баяртай байна. Бүх уран бүтээл, уншигч нартаа удахгүй олон сайхан мэдээ дуулгана хэмээн найдаж байна.