Европын холбоо Оростой холбоо хамаарал бүхий Хятад, Энэтхэгийн компаниудад хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг “Bloomberg” мэдээлэв. Хятад, Энэтхэгээс гадна Хонгконг, Казахстан, Серби, Шри-Ланка, Турк, Тайландын фирмүүд ч хориг арга хэмжээнд багтана. Ингэснээр 2022 оны хоёрдугаар сард Орос улс хөрш рүүгээ халдсанаас хойш Хятад, Энэтхэгийн бизнесүүд анх удаа хязгаарлалтад өртөх юм.
Оросын түрэмгийллийн дараа Европын холбоо, АНУ болон бусад барууны орон Оросын банкуудыг “SWIFT” төлбөрийн системээс хасч, нефтийн үнийг хязгаарлах замаар хориг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Зөвхөн Европын холбоо л гэхэд дангаараа сүүлийн хоёр жилийн хугацаанд 12 удаагийн багц хориг арга хэмжээ авчээ.
Гэтэл Хятад, Энэтхэг улсууд Орост огт хориг арга хэмжээ аваагүй. Харин ч Оросын түүхий нефтийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахдаа Хятадын удирдагч Ши Жиньпинд хандан Оросын дайны хүчин чармайлтыг дэмжихгүй байхыг сануулжээ. “Энэ айлчлал хүнд хэцүү бөгөөд тогтворгүй нөхцөл байдалд болж байна. Хятадын байр суурь Европын холбооны хувьд маш чухал. Бид Хятадыг Орост шууд болон шууд бусаар ямар ч цэргийн техник хэрэгсэл нийлүүлэхгүй гэж найдаж байна. Түрэмгийлэгчийг зэвсэглэх нь олон улсын хууль тогтоомжид харшлана гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ нь бидний харилцаанд ихээхэн хохирол учруулна” гэж Урсула фон дер Лейен тухайн үед хэлжээ.
АНУ, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЭ ХОРИГ
Тэгвэл Украины дайны хоёр жилийн ойг угтан АНУ, Европын холбоо болон бусад орон ээлжит хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ. Брюссельд болсон уулзалтын үеэр АНУ болон холбоотнууд томоохон хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Холбоотнууд цэргийн тусламжаар Орост дарамт шахалт үзүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед шинэ хориг арга хэмжээний багцыг зарлах төлөвтэй байна.
Оросын түрэмгийллийн хоёр жилийн ойд зориулсан хориг арга хэмжээ нь Брюсселийн уулзалтын хэлэлцэх гол сэдэв байгаагүй. Гэсэн хэдий ч АНУ болон түншүүд хориг арга хэмжээ төлөвлөж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ. Брюсселийн уулзалтын үеэр холбоотнууд өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэр дундаа Оросын цэргийн аж үйлдвэрийн бааз, эдийн засагт үзүүлэх нөлөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна.
Европын холбооны 13 дахь багц хориг арга хэмжээний саналуудын агуулгыг шинжлэхэд багагүй хугацаа шаардсан ч гэлээ оролцогчид бүгд дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шинэ багцад үйлдвэрлэлийн импортын хориг байхгүй аж. Гэхдээ 200 орчим хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулах болжээ.
Харин АНУ-ын шинэ багцад Оросын төрийн өмчит байгууллага, хүмүүс, компаниуд багтаж байна. Жагсаалтад 100 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийн нэрс багтана гэдгийг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын захирал асан Жон Смит мэдэгдэв.
Холбоотнууд хориг арга хэмжээг тойрох гэсэн Оросын оролдлогыг саатуулахыг зорьж байна. Үүнд, нефтийн үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлэх, тэр дундаа Оросын нефтийг тээвэрлэж буй танкийн далд флотын эсрэг арга хэмжээ зэрэг багтах юм.
АНУ болон түүний түншүүд дайн эхэлснээс хойш Оросын банкууд, олигархиуд болон армиийн эсрэг олон удаа хориг арга хэмжээ авсан.
Гэхдээ хориг арга хэмжээний үр дүн сайнтай, муутай холимог байсныг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын захирал асан Жон Смит онцолжээ. Нэг талаас тэд Оросын бэлэн мөнгө, АНУ болон барууны технологид нэвтрэх боломжийг амжилттай хязгаарласан. Нөгөөтэйгүүр, ОХУ нь АНУ болон гуравдагч орны бараа, үйлчилгээг ихээхэн хэмжээгээр авах боломжтой хэвээр байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER, REUTERS