Төв цэвэрлэх байгууламжаас үнэр тархсан эсэх шугам, хоолой задарсан үгүйг тодруулахад, технологийн үйл ажиллагаа хэвийн, үнэр гарсан асуудалгүй байна гэлээ.
Харин Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, хотод тархсан өмхий үнэрийн шалтгааныг тодруулах үүргийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох хүмүүст өгсөн, шалтгаан тодорхой болоогүй байна гэв.
Улаанбаатарт өнөөдөр /2024.01.18/ 05:00 цагаас эхлэн юу нь үл мэдэгдэхгүй өмхий үнэр их хэмжээгээр агаарт тархсан байгаа талаар иргэд олон нийтийн хуудаст бичиж байна. Тиймээс энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар /НАОБТГ/-аас тодрууллаа.
НАОБТГ-ын мэргэжилтэн н.УГТАХБАЯР:
-Хотод тархсан үнэрийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Төв цэвэрлэхээс тодруулах боломжтой. Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхэр их гарсан.
Хэрэв шахмал түлшнээс болж өмхий үнэр гарсан бол бүх зүгт адил хүхэр өндөр гарна.
Өнөөдөр 04:00 цагаас эхэлж өмхий үнэр тархсан бөгөөд суурин харуулуудын дүнгээр өглөө салхи баруун урдаас зүүн хойш чиглэлтэй байхад ихээр үнэртэж байсан. Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд үнэр багасч байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой.