Монгол Улсад зорчиж байгаа гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж буй тухай мэдээллээ бусдад дамжуулсны улмаас дээрмийн гэмт хэргийн хохирогч болж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүрэг “Кинг тауэр” хотхонд оршин суух БНХАУ-ын иргэн “Ж”, эхнэр “Л” нарыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед гэрт нь баг өмссөн үл таних 2 эрэгтэй хүн орж, гар буу тулгаж 1 сая ам.доллар өгөхийг шаардаж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.
Уг хэргийг иргэн “Х”, “Б”, “Х” нар нь гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө гэртээ хадгалж байгаа гэсэн мэдээллийг авч, шунахайн сэдлээр бүлэглэн үйлдсэн байна.
Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө БНХАУ-ын иргэн “Б” архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь үл таних хүн хоолойг нь боож гар утас, хөөрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмджээ.
Тухайн гэмт хэргийг “М” гэгч нь шунахайн сэдлээр үйлдсэн болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд Монгол Улсад аялал жуулчлал, амралтаар ирсэн гадаад улсын иргэд биедээ их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл авч явахгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харгалзах хүнгүйгээр шөнө, оройн цагаар явахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.