Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Даваа гаригт Санкт-Петербургт болсон Евразийн эдийн засгийн холбооны дээд зөвлөлийн хуралд оролцжээ.
Пашинян өнгөрсөн онд Москва тэргүүтэй аюулгүй байдлын эвслийг Арменид сургуулилт хийхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Түүгээр ч үл барам эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан нь Оросын дургүйцлийг төрүүлсэн юм. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын гэрээнд Армени нэгдэн орсон нь даарин дээр давс нэмсэн хэрэг болжээ.
Тэгвэл хоёр улсын харилцаа хурцдаад буйг үл харгалзан Пашинян ОХУ-д айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааны амлалт өглөө. Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоо болон түүний эдийн засгийн зарчим улс төрийн амбицтай уялдах ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Ирэх онд Армени улс Евразийн эдийн засгийн холбоог даргална. Тиймээс “Армени улс холбоог даргалах үед бүс нутгийн интеграцид саад учруулах улстөржилтийг дарахыг хичээж ажиллана” гэж Пашинян хэллээ. Үндсэндээ Армени улс Евразийн нэгдлийг улстөржүүлэх гэсэн бүхий л оролдлогыг дарахыг хичээж байна.
Евразийн эдийн засгийн холбоо нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Орос давамгайлсан эвсэл юм. Тус холбоонд ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан улсууд багтдаг. Үйл ажиллагааны хувьд бүс нутаг дахь бараа, үйлчилгээний чөлөөтэй хөдөлгөөнийг дэмждэг.
Эх сурвалж: AP