Хятад улсын 1980, 1990-ээд оны зах зээлийг дэмжсэн шинэчлэл ядуурлыг тогтвортой бууруулсан нь олон эдийн засагчдын итгэл үнэмшил болсон. Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятадад “нэн ядуу” амьдарч буй хүмүүсийн тоо (өдөрт 1.90 ам.доллараас бага орлоготой) бараг 800 саяар буурсан нь Дэлхийн банкны тоо баримтад тулгуурладаг. Хятадын хүн ам одоогоор нэг тэрбум 425 сая орчим байгаа. Дэлхийн банкны тооцоолсноор Хятадын нэн ядуурлын түвшин 1981 онд дэлхийн хамгийн өндөр түвшинд буюу 88 хувь байсан бол өнөөдөр бараг тэг болж буурчээ. Харин 1980, 1990-ээд онд Дэн Сяопины капиталист шинэчлэлийн үеэр ядруурал хамгийн хурдацтай өссөн байна.
ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХООС ХАМААРНА
Дэлхийн банкны тооцоололд худалдан авах чадварын паритетыг ашигладаг бөгөөд энэ нь цаг хугацааны болон улс орнуудын худалдан авах чадварыг харьцуулах стандарт арга юм. Гэвч энэ хандлага нь хүмүүсийн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай тодорхой бараа, үйлчилгээг худалдан авах чадварын талаар бидэнд хэлж өгдөггүй. Иймээс Дэлхийн банкны арга нь ядуурлын бодит чиг хандлагын талаар үнэн зөв дүр зургийг гаргаж чадахгүй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.
“New Political Economy” сэтгүүлийн эрдэм шинжилгээний өгүүллэгтээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас нийтэлсэн тоо баримтыг ашиглан Хятадын нэн ядуурлын түвшинг тооцжээ. Ингэхдээ хүмүүсийн орлогыг амьжиргааны хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ (үүнд хүнд өдөрт 2100 калорийн нэн шаардлагатай шим тэжээл, хувцас, халаалт, саван, гурван метр квадрат орон сууцны үнээр) тооцсон байна.
Дэлхийн банкнаас ялгаатай нь 1981-1990 он хүртэл буюу социализмын төгсгөлд Хятадын нэн ядуурлын түвшин хөгжиж буй дэлхийн хамгийн доод түвшний нэг байсан бөгөөд дунджаар ердөө 5.6 хувь байв. Тэгвэл Энэтхэгт 51 хувь, Индонезид 36.5 хувь, Бразилд 29.5 хувь байжээ. Гэтэл 1990-ээд оны зах зээлийн шинэчлэлийн үеэр туйлын ядуурал эрс нэмэгдсэнийг бид харж байна. Үнийн зохицуулалт нь үндсэн хоол хүнс, орон сууцны үнийг өсгөж, бага орлоготой хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулснаар 68 хувьд хүрч дээд цэгтээ хүрсэн. Хэт ядуурал 2000-аад оны үед буурсан ч Дэлхийн банкны тооцоолсон түвшинд хүрч чадаагүй байна.
КОММУНИЗМЫН ҮЕД ХЯТАД УЛС
Худалдан авах чадварын харьцаа нь орлогыг хүнд нэн шаардлагатай үндсэн зүйлсийн өртгөөс илүүтэйгээр тансаг хэрэглээний бүх худалдан авалтын өртөгтэй уялдуулан зохицуулдаг тул хоёр аргачлал өөр өөр хариулт өгдөг.
Социалист болон капиталист тогтолцоог харьцуулах, тэдгээрийн хоорондын шилжилтийг үнэлэхэд ялгаа нь маш чухал юм. Социалист бодлого нь үндсэн хэрэгцээг хангахад шаардагдах зардлыг ерөнхий үнийн хэмжүүрээр өсөхгүй байхаар бага байлгах боломжтой.
Зах зээлийн шинэчлэл хийх хүртэл Хятадын засгийн газар хоол хүнс, орон байрыг бага үнээр эсвэл ямар ч зардалгүйгээр хангаж байсан. Энэ нь 1.90 ам.доллараар Хятадтай харьцуулж болох капиталист орнуудынхаас илүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэсэн үг юм.
Тус улсын Засгийн газар 1990-ээд оны туршид үндсэн барааны үнэд тавих хяналтыг арилгаж, нийгмийн даатгалын тогтолцоогоо татан буулгаснаар хэрэгцээт зүйлсийн үнэ олон хүний боломжоос хэтэрсэн. Мэдээжийн хэрэг, хямд үнээр шаардлагатай зүйлсийг практик дээр олж авахад хэцүү байсан бол эдгээр үр дүн гарахгүй байж магадгүй бөгөөд үүнийг бидний ашигласан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн мэдээлэл бидэнд хэлж чадахгүй.
Гэвч 1980-аад оны үед Энэтхэг, Индонези, Бразильтай харьцуулахад Хятадад туйлын ядуурал бага байсныг нийгмийн бусад үзүүлэлтүүд баталж байна.
Хятад улс дундаж наслалт, нялхас, хүүхдийн эндэгдэл, сургуульд сурсан дундаж жил, цахилгаан эрчим хүчний хүртээмжтэй хүн амын эзлэх хувь зэрэг нийгмийн гол үзүүлэлтүүдээр эдгээр орноос илүү сайн ажилласан.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ДАНГААРАА ХАНГАЛТГҮЙ
Бидний олж мэдсэн зүйл бол зайлшгүй шаардлагатай хоол хүнс, орон байр, цөөн хэдэн үндсэн хэрэгцээт зүйлийг худалдан авах чадваргүй байдал гэж тодорхойлсон нэн ядууралд л хамаатай гэдгийг тодруулах нь чухал юм. Хятадын аж үйлдвэрийн гайхалтай хөгжил нь орчин үеийн цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологи болон бусад бараа бүтээгдэхүүний хүртээмжийг ихээхэн сайжруулахад хүргэсэн нь мэдээжийн хэрэг. Гэхдээ үндсэн шим тэжээл, орон сууцны хүртээмжийн тухайд Хятадын хүн амын дийлэнх хэсэг нь зах зээлийн эдийн засаг руу шилжих явцад хохирсон бололтой.
Бидний олж мэдсэн зүйлс чухал ач холбогдолтой бөгөөд аж үйлдвэрийн хөгжил нь чухал зорилт хэдий ч хэт ядуурлыг бууруулахад дангаараа хүчин зүйл болохгүй гэдгийг харуулж байна.