Африк тивийн Замби улсын гадаад хэргийн сайд Стэнли Какубо албан тушаалаасаа огцорсныг тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар өчигдөр зарлажээ.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Какубогийн Хятадын компаниас авлига авч байгааг харуулсан гэх дүрс бичлэг сошиал орчинд тарсан юм.
2021 оны есдүгээр сараас хойш гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Какубо “нэр хүндийг нь унагах зорилготой явуулгын улмаас” огцорч байгаагаа тайлбарлажээ.
Сошиал орчинд тарсан дүрс бичлэгт хоёр хүн их хэмжээний бэлэн мөнгө тоолж буйг харуулсан юм.
Үүнээс гадна 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр Хятад болон Замбийн уул уурхайн компаниудаас $100,000 бэлнээр хүлээж авсныг батлах гараар үйлдсэн бичгийн гэрэл зураг тарсан байна.
Уг бичиг дээр Какубо болон Хятадын бизнесмэн Зан нарын нэр байжээ.
Какубогийн огцрох хүсэлтийг Замбийн ерөнхийлөгч хүлээж авснаа мэдэгдсэн ч шалтгааны талаар огт дурдаагүй байна.
Харин ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа 43 настай сайд өөрийн хувийн мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлдээ тэр “гэр бүлийн хувийн компани болон түншийнх нь хооронд хийсэн бизнесийн гүйлгээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрийн зорилгоор ашигласан” гэж шүүмжилсэн байна.
Тиймээс засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахгүйн тулд огцорч байгаагаа тайлбарлажээ.
Замби улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарт Хятадын компаниуд чухал үүрэгтэй оролцдог.
Замбийн зэсийн гол импортлогч нь Хятад улс юм.
2016 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж буй Какубо сайдын суудлаас огцорсон ч хууль тогтоогчийн ажлаа үргэлжлүүлэх гэнэ.
2022 онд Хятадын 600 гаруй компани Замби улсад нийтдээ $3 тэрбум гаруй хэмжээний хөрөнгө оруулсан гэх албан ёсны тоог тус улс дахь Хятадын элчин сайдын яам гаргаж байжээ.
Хятад улс бас Замбийн гадаад өрийн асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэгтэй оролцож байгаа. 2020 онд Замби улс өрөө төлж чадалгүй, дефолт зарлаж байсан юм.
Эх сурвалж: AFP