Америкийн бизнесмэн Марк Кюбан өчигдөр Тревор Ноагийн “What Now?” подкаст нэвтрүүлэгт оролцохдоо тэрбумтан болох нууцын талаар ярьжээ.
Одоо 65 настай тэрбээр $6.8 тэрбумын хөрөнгөтэй юм.
“Ямар ч тэрбумтан бүхнийг дахиад эхнээс нь бүтээж чадна гэж ярьж байвал түүн шиг худлаа юм байхгүй. Бид AudioNet-ийг эхлүүлж байхтай зэрэгцэн интернэтийн хөрөнгийн зах зээл цэцэглэж эхлээгүй бол өнөөдөр та намайг таних ч үгүй байсан. Юмс яг ингэж ажилладаг” гэж Кюбан ярьжээ.
Одоо Broadcast.com нэртэй болсон AudioNet нь түүнийг тэрбумтан болгосон компани юм.
Яг өөрийн мэдрэмж, хичээл зүтгэлээр ажилласан бол Кюбан өөрийгөө саятан болж чадах ч хэзээ ч тэрбумтан болж чадахгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Гэхдээ тэрбумын ихэнх хэсэг, олон зуун сая доллар нь зүгээр л солиотой аз байсан” гэж тэр ярьжээ.
Хөрөнгө оруулалтын сан байгуулах, маш их хэмжээний хөрөнгө босгох, хувийн компаниа зарах, нээлттэй компани болгон хувьцаа гаргах зэрэг тэрбумтан болох хэдхэн боломж байдгийг Кюбан энэ үеэр тайлбарласан байна.
“Тэрбумтан болохын тулд маш том хөшүүрэг болох, санхүүгийн хувьд тэсрэлт хийх зүйл байх хэрэгтэй. Гэхдээ маш олон ухаантай хүмүүс энэ бүгдийг зэрэг зэрэг хийж байгаа, тэднээс аль нь амжилт олохыг бид хэлж мэдэхгүй” гэж тэр ярьжээ.
Кюбан анх MicroSolutions компаниа 1982 онд үүсгэн байгуулж, найман жилийн дараа $6 саяар зарж байв. Энэ наймаанаас тэр хувьдаа $2 саяыг олсон гэдэг.
Сүүлд тэр Broadcast.com компаниа 1999 онд Yahoo-д $5.7 тэрбумтай тэнцэх үнэт цаасаар зарсан нь хөрөнгийн гол эх үүсвэр болж байжээ.
Дараа нь NBA-гийн Dallas Mavericks багийг 2000 онд $285 саяар худалдаж авснаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард казиногийн магнат Аделсоны гэр бүлд $3.5 тэрбумаар зарсан юм.
Эх сурвалж: Business Insider