Энэтхэг улсын харьяат 303 зорчигчийг тээвэрлэж явсан нисэх онгоцыг хүн худалдаалах гэмт хэрэгт сэжиглэн шалгахаар саатуулсан тухай Францын хэвлэлүүд мэдээлжээ.
Airbus A340 загварын энэ нисэх онгоц Арабын Нэгдсэн Эмират Улсаас Никарагуа улсын нийслэл Манагуа хотын чиглэлд нисэж байсан байна.
Төв Америкийн Никарагуа бол АНУ руу цагаачлах зорилготой Ази, Африкийн орнуудын иргэдийн гол дамжих зам болоод байгаа улс.
Онгоцыг Пүрэв гарагт зүүн хойд Францын нутагт оршдог Ватри хэмээх жижиг буудалд техникийн зорилгоор түр газардах үеэр нэрээ нууцалсан хүний өгсөн мэдээллийн дагуу саатуулжээ.
Францын прокурорын албаныхан зорчигчдын аяллын зорилго, онгоц доторх нөхцөл байдлыг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эхлээд зорчигчдыг онгоцон дотор нь шалгаж байснаа сүүлд нисэх буудлын танхимд шилжүүлж байрлуулсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Нисэх буудлын зорчигчдын танхимд орнууд байрлуулснаас үзвэл шалгалтын ажиллагаа хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна.
Онгоц нь Румын улсын захиалгат нислэгийн Legend Airlines компанийн өмч ажээ. Тус компанийн хуульч Францын эрх баригчидтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд онгоц хоёр хоногийн дотор нислэгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: BBC