ШУА-ийн судлаачид цэвдэг, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн 50 хувь нь алдарч байгаа гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс илүү малын тоо толгойгоос хамааралтай болохыг онцолжээ.
Тус хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам “Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд бэлчээрийн зохистой ашиглалт, ургамлан нөмрөг, ургамлын олон янз байдал чухал үүрэгтэй.
Бэлчээрийн менежментийг сайжруулснаар бага зардлаар их хэмжээний нүүрстөрөгчийг шингээх, хадгалах боломж байгаа.
Цаашид энэ тал дээр Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна” гэдгээ БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ хэлэв.
Хөрс судлалын салбараас хийсэн судалгаагаар манай улс хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцөөр дэлхийд 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж.
90 гаруй жилийн хугацаанд хээрийн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц 30 см хөрсөнд 16.5%, сүүлийн 30-40 жилийн хугацаанд 5 см-ийн гүнд дунджаар 51.5% тус тус буурсан болохыг тогтоожээ.
Харин цэвдэгт агуулагдах хүлэмжийн хий нь агаар мандлаас хоёр дахин их буюу 1,300-1,600 Pg байдаг байна.
2020-2023 онд цэвдэг, хүлэрт намаг бүхий газарт хийсэн судалгаагаар 600 цэгт карбоны шингээлтийг тооцон манай орны цэвдэгт агуулагдах хүлэмжийн хий 13.14 Pg болохыг тодорхойлжээ.
БОАЖЯ-наас Монгол орны онцлогт тохирсон хөрсний хүлэмжийн хийн шингээлт тооцох аргачлалыг хамтран боловсруулах, цэвдэг, хөрсний органик нүүрстөрөгчийн алдралын сөрөг үр дагаврыг малчдад таниулах чиглэлээр болон бусад шаардлагатай байгаа судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөлтэй санал нэгдсэн байна.