Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр холын мөрөөдөл мэт санагдаж, аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.
Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад монгол хэл, бичгийн “Оюуны чимэг” сургалтын төвийн багш, “Монголын сайхан бичигтэн–2023” уралдааны мэргэжлийн багшийн ангиллын тэргүүн байрын шагналт Х.Амаржаргалтай (IG: amarjargalll_) уулзуулж байна.
-Би эх хэл, бичигтээ их хайртай хүн. “Наадах чинь хоцрогдсон”, “Аль дээр үеийн бичиг” гэх хүмүүс бий л дээ. Би хувьдаа монгол хүн монгол бичгийг заавал сурах ёстой гэж боддог. Монгол хэл, бичиг бол үндэсний дархлаа. Хэл, бичгээ сайн мэддэг иргэн Улсдаа хайртай байна. Эх орондоо хайртай хүн энэ улсаа хөгжүүлье, улам сайхан болгоё л гэж боддог, хэзээ ч эх орныхоо эсрэг юм хийхгүй. Ядаж л хогоо ил задгай хаядаггүй, тэндээс л эх орноо гэх сэтгэл эхэлнэ. Яг энэ сэтгэлгээг, эх орноо гэх сэтгэлийг монгол хэл, бичиг суулгаж өгдөг.
Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 18 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч байхад анх бага ангийн багш маань монгол бичиг зааж байлаа. Зургадугаар ангид ороход Б.Булганчимэг гэдэг монгол хэл, уран зохиолын маш сайн багш анги дааж авсан. Тэр багш маань монгол бичигт бүр илүү дурлуулсан гэж хэлж болно. МУИС-д л орно гэж завсарлагын таван минутаар ч ангиасаа гаралгүй хичээж, бэлдсээр ЭЕШ-д 800 оноо аваад их, сургуулийн босгыг давж байлаа. Сургуулиа 2016 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Дөнгөж л 21 настай, залуу багш заах арга, эвээ олохгүй ямар ч байсан хүүхдүүдийг номд дурлуулах юм сан л гэж их боддог байв.
Ингэж ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад, 2019 онд “Хүүхдийн баясгалант” ТББ-д монгол хэл, уран зохиолын багшаар орсон. Энэ төв хүүхдүүдийг хичээлээс гадуур хөгжүүлдэг онцлогтой. Хүүхдүүдэд монгол бичгийг л маш сонирхолтойгоор заая гэж зорьсон. Ингээд тэнд суралцсан, зургадугаар ангиас дээш насны бүх хүүхдийг монгол бичгийн хичээлийн хоцрогдолгүй болгосон доо.
Тэгээд 2023 оны дөрөвдүгээр сард өөрөө бие даан сургалтын төв ажиллуулъя гэж зориглоод ажлаасаа гарсан. Төлөвлөсөн хугацаанаасаа арай эрт ажлаасаа гарсан болохоор мөнгө байгаагүй. Зээл авъя гэхээр ажлаасаа гарчихсан болохоор олдоогүй. Тэгээд ажилгүйдлийн тэтгэмж гээд улсаас өгдөг мөнгийг хөөцөлдсөн. Нийт 600 мянган төгрөг аваад, нэг сарын түрээст 500 мянга төгрөг төлөөд, үлдсэнээр нь нэг боодол бичгийн цаас, 2 ном аваад, нөхрийнхөө өгсөн принтерийг ажиллуулаад л “Оюуны чимэг” сургалтын төвөө анх нээж байлаа.
Мэдээж заримдаа түрээсээ төлж чадахгүй өдрүүд байгаа. Яривал жаргал, зовлон бий л дээ. Гэхдээ л би хайртай монгол бичгээ хүмүүст, хүүхдүүдэд зааж, тэд ойлгож, уншиж, бичиж сураад хэл, бичигтээ хайртай болж төлөвшиж байгааг харахаар “Чи үлдэх юмтай ажил хийж байгаа шүү” гэж өөртөө хэлмээр санагддаг.
Одоогийн хүүхдүүд аливаа юмнаас маш хурдан уйддаг. Тиймээс яаж хурдан бас сонирхолтой аргаар заах вэ гээд их бодно. Үнэндээ гар утаснаас илүү л сонирхлыг нь татаж байж хүүхдэд монгол бичиг сургана шүү дээ. Хамгийн түрүүнд монгол бичиг хэцүү хичээл биш, үнэхээр амархан гэдгийг ойлгуулах чухал байдаг.
Энэ А үсэг шүү, үүнийг таван хуудас хуул гэвэл хүүхдүүд хэзээ ч сонирхохгүй. Харин хүний гэдэс гурвалжин, дөрвөлжин биш бөөрөнхий байна. Тэгэхээр О-г бөөрөнхий бичнэ шүү гэх мэтээр аль болох сонирхолтойгоор, мартахгүйгээр заадаг. Ингээд нэг, нэг мөр л бич, илүү хэрэггүй гэдэг. Ер нь хүүхдүүдийг их хуулж бичээд сургачихсан нь анзаарагддаг. Би самбар дээр огт хичээл заадаггүй. Танхимын, уламжлалт сургалтаас аль болох татгалзаад, хүүхэд нэг бүр дээр очиж зааж байна. Сургалтын төвөө нээснээс хойш 70 орчим хүнд монгол бичиг заажээ.
Хүүхдэдээ монгол бичиг сургая гээд эцэг, эх нь хөтлөөд ирж байхад, би монгол бичгийн хичээлдээ тааруу, илүү сайн болмоор байна гээд өөрөө ирэх хүүхдүүд ч бий. Зарим насанд хүрсэн иргэд 2025 оноос хос бичигтэн болох гэж байгаа юм чинь, би сурах ёстой гээд ч ирж байна. Хамгийн холын ирээдүйг харсан хүмүүс хүүхдэдээ гадаад хэл биш монгол хэл, бичиг заалгаж байна гэж би боддог.
Мэдлэгийн суурь ямар байхаас үл хамаараад хэн ч байсан нэг сарын хугацаанд монгол бичгээр чөлөөтэй уншаад, бичээд сурчихдаг. Яг үнэндээ сургалтын эхний өдрөөс л 1 цаг 30 минутын хугацаанд уншаад сурчихдаг. Монгол бичиг уг нь ийм л амархан. Хүүхдүүд уншаад, зөв бичээд сурчихаараа, хичээл дээрээ сайн дүн аваад ирэхээрээ урамшина. Тэр үед нь өөр сурах сонирхолтой юм зөндөө бий шүү гэдгийг ойлгуулах гээд бийрэн бичиг, хичээнгүй бичиг, дөрвөлжин эвхмэл тиг зэргийг заадаг.
Компьютер болгон дээр Mongolian traditional language байгаа. Гар утсан дээр ч суулгах боломжтой. Жишээ нь, IOS үйлдлийн системтэй утсан дээр “Оюун” гээд хэрэглүүр суулгаад ашиглаж болно. Гар утас, компьютер дээр монгол бичгээр бичихийг заагаад өгчхөөр хоорондоо чатлана, над руу бичнэ. Бас монгол бичгээр “мийм ” хийж болно, тийм даалгавар өгчхөөр хий дэмий утас ширтэхгүй, маш бүтээлч ханддаг. Би эргүүлээд алдааг нь засаж өгнө.
“Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” зэрэг уралдаан жил бүр болдог. Магадгүй энэ тэмцээнүүд олон нийтийн сонирхлыг төдийлөн татдаггүй, нэг тэмцээн болсон юм байна, хэдэн хүн шагнал авчээ гээд л өнгөрөөх хүмүүс олон. Эх хэл, бичиг үндэсний дархлаа учраас энэ уралдааныг Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулдаг гэж ойлгодог. Үүнд оролцож байгаа хүмүүс бол аймаг, дүүрэг бүрийн шилдгийн шилдгүүд, тийм л чансаатай уралдаан. Энэ уралдаанд оролцох юм сан, түрүүлэх юм сан, эх хэл, бичгийн үнэ цэнийг мэдрүүлэх юм сан гэж хүсдэг, боддог, зорьдог хүмүүс олон хоног бэлтгэж байж сайн бүтээл туурвиж уралдаанд илгээдэг.
Би энэ жил “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцоод, хоёуланд нь байр эзэлсэн. “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд “Эртний сайхан” гэдэг уртын дууг хулсан үзгээр бичиж дөрөвдүгээр байр эзэллээ. Үүндээ урамшаад “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцоод мэргэжлийн багшийн ангилалд түрүүлсэн. Энэ ангиллын онцлог нь тодорхой сэдвийн хүрээнд эсээ бичиж өрсөлддөг. Хоёр сэдэв байснаас би “Бага ангиас гадаад хэл заах нь зөв үү” гэдгийг сонгосон. Өнгөрсөн хавраас хойш л энэ асуудалд эмзэглэж явсан юм. Энэ эмзэглэлээ гарц, шийдэлтэй нь бичсэн.
Гадаад хэл заах нь буруу биш, багаас нь заах л буруу юм. Хэл, сэтгэхүй хоёр хоорондоо холбоотой байдаг. Гэтэл бага ангиас нь гадаад хэл заачхаар хүүхдүүд монголоороо сэтгэж чадахгүй болчих гээд байна. Энэ тэгэхээр Монгол үндэстний эсрэг хийж байгаа харгис бодлого болчхож байгаа юм. Гадаад хэл сурах ёстой юу гэвэл тийм. Монгол хэлний тухай хуулийн 6.3-т тавдугаар ангиас эхэлж англи хэлийг зааж болно гэсэн байгаа. Үүнээс илүү өмнө, бага ангиас нь зааж яагаад болохгүй байна вэ гэхээр дээр ярьсан нөгөө л эх хэлний дархлаатай холбоотой. Нэгээс тавдугаар ангид монгол хэлийг маш сайн заах хэрэгтэй. Эх хэлнийхээ уран, ярууг уншаад сайн ойлгодог, ойлгосон зүйлээ өөрийнхөөрөө алдаагүй, зөв сайхан найруулж бичих чадвар чухал. Харин энэ суурин дээр нь гадаад хэл заах ёстой гэж би боддог. Энэ бодлоо тусгаад, 500 үгтэй эсээ бичсэн.
Нийт 7 удаа бичсэн. Нэгийг бичихдээ 6-7 цаг суусан. Яг уралдаанд явуулсан бүтээлээ бичихдээ тасралтгүй 12 цаг суусан шүү. Дундуур нь нэг ч босоогүй. Бичиж байгаад ядраад байвал болъё, амаръя гэх боломжгүй л дээ. Тэгвэл хэмнэлээ алдчихдаг, бүтээл болохоо больчихдог. Би 500 үгтэй эсээ бичлээ гэж бодоход 484 дэх үгэн дээр алдчихвал дахиад эхэлнэ. Тийм учраас маш анхааралтай, алдчих вий гээд амьсгаагаа ч бүтэн авч чадахгүй суусан. Шөнө 00:00 цагт дуусгаад нэг сайхан амьсгаа авсан даа. Нөхрөөсөө асуусан чинь “Жагсчихсан цэргүүд шиг л байна” гэж хэлэхэд нь болж дээ гэж бодсон. Ингээд жаазлаад л “Монцамэ” агентлагт хүргэж өгсөн дөө.
Монгол бичиг олон төрөл, тигтэй. Хичээнгүй тиг гэж бий, үзгээр сайхан бичнэ гэсэн үг. Дөрвөлжин эвхмэл тиг нь эвхэж бичнэ гэсэн үг. Угалзан эвхмэл тиг гэж бий. Мөн бийрэн бичлэг байгаа, энэ бол түгээмэл. Би хулсан үзгээр бичдэг. Энэ нь бийр шиг урдаа үсгүй цул хулс модоо бэхэнд дүрээд бичдэг юм. Үүнээс цаашлаад бийр, хулсан үзэг нь дотроо задраад олон төрөл байгаа.
Хулсан үзгээр бичихийг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурхан урлаач, уран бичээч М.Эрдэмбилэг багшаараа 2023 оны нэгдүгээр сараас заалгаж эхэлсэн. Сурч эхэлснээс хойш хулсан үзгээр бичээгүй өнжсөн өдөр гэж байгаагүй, 2024 оны нэг сар хүртэл бүх өдөр бичсэн.
***
Бид нийтээрээ нэг л хичээхээ больчихсон ч юм шиг. Хичээе гэсэн ч болдоггүй хүчин зүйлс их ч юм шиг. Хэвд цутгасан мэт урсгал дунд хөвөөд ч байх шиг. Даваа гарагийн өглөө нэг их өөдрөг тэмүүлээр цэнэглэгдэх атал долоо хоногийн дундаас бушуухан баасан гараг болоосой гэж хүлээх амьдралын хэмнэл дунд залхуутайхан урагшлаад ч байх шиг…
Энэ олон өнгө сүлэлдсэн мэдрэмж дунд зорьж, тэмүүлж хүсэж мөрөөдөж, хувийн гэлтгүй “би энэ улсад яаж хэрэгтэй иргэн байх вэ” гэж эх орны үнэ цэнэ ирээдүйн төлөө тууштай зүтгэлээр урагшилж яваа залуу үеийн төлөөлөлтэй уулзсаны ард их л цовоо, цолгиун болчихдог нь сайхан.
Х.Амаржаргал багш “Хил даваад л хэрэггүй болох хэл, бичгээр яах юм бэ гэдэг. Хил даваад англиар ярилаа. Англи хэлтэй, Ази хүн байна л гэж бодно. Монгол хувцсаа өмсөөд, монгол бичгээрээ бичсэний дараа биднийг Монгол гэж танина. Тэгэхээр хэл бичиг соёлдоо улам илүү хайртай байгаасай” гэж хүссэнийг уламжилъя.