-“Х-ТҮЦ” продакшныг оюуны өмчийн асуудлаар шүүхэд өгсөн гэсэн. Танай аавын ямар зохиолыг нь тэд зөвшөөрөлгүй ашигласан бэ?
-Бид цагаан сарын өмнөхөн “Х-ТҮЦ” продакшны бүтээлийг зурагтаар үзсэн. Хүү маань анх “Өвөөгийн бүтээлийг зурагтаар тоглож байна” гэхээр нь эхнээс нь ухраагаад үзэхэд аавын “Цагийн өнгө” гэдэг 1978 онд бичсэн туужийг утга агуулга, санаа, дүрүүдтэй нь авч, контент хийсэн байсан. Аавын бичсэн “Цагийн өнгө” туужид ээжтэйгээ амьдардаг тэнэгдүү Базарваань нэртэй залуугийн тухай гардаг. Тухайн социализмын үед цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн гишүүн гэж байсан юм билээ. Тэр залуу тийм ажил хийж, хөрш айлын эмэгтэйдээ сэтгэл алдардаг. Сэтгэлт эмэгтэйн нөхөр хулгай зэлгий хийдэг нөхөр байдаг тухай өгүүлдэг юм.
Гэтэл “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид огт аавын нэр, бүтээлийг дурдахгүйгээр гол дүр Базарваань гэдэг нэрээр тоглолт хийсэн. Эхлээд энэ жүжгээ тайзан дээр тоглож, дараа нь телевизийн контент болгосон байна лээ.
Аавын бичсэн олон зохиолыг ашигласан. Энэ бүхэн зөвхөн “Цагийн өнгө” зохиолоор хэмжигдэхгүй. Маргаан цаашаа үргэлжилнэ. Бид өөрсдөө оюуны өмчөө хамгаалах эрхтэй. Тэр утгаараа шүүх байгууллага болон Оюуны өмчийн газарт хандаад байна. Энэ нэг удаагийн тохиолдол биш.
-Олон удаа аавын чинь бүтээлийг “хулгайлсан” гэсэн үг үү?
-Гурван жилийн өмнө Аглуу /Гавьяат жүжигчин Л.Баттулга/ дээр маргаан үүсч байсан. Аавын минь 1990 оны дундуур бичсэн “Улаан хамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян” гэдэг өгүүллэгийн агуулга, утга санааг нь ямар ч зөвшөөрөлгүйгээр авч, тоглолт хийсэн. “Утгын чимэг” наадамд Ардын жүжигчин Г.Равдан ах уншиж, шагналт байр эзэлж байсан өгүүллэг юм. Тоглолт нь бас “Дэлхий даахгүй баян” нэртэй.
-Тэр үед жүжигчин Аглуу танд “хулгай”-гаа юу гэж зөвтгөж байв?
-Бидний зүгээс “Ийм асуудал байж болохгүй. Удаа дараа ийм тохиолдол гарч байна” гэхэд жүжигчин Н.Онон алдаагаа хүлээн зөвшөөрч байна л гэсэн. Н.Онон бидэнд “Би энэ контентын продюсераар нь ажилласан. Аавынх нь зохиолыг жүжигчин И.Одончимэг дүү нартайгаа уншиж, зохиол дээр нь юм нэмж, хасаад тоглосон байна лээ” гэсэн.
Тэрнээс хойш дахин холбогдож, ааваас минь уучлалт гуйгаагүй. Тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Удаа, дараагийн үйлдэл болохоор хуулийн байгууллагад хандсан.
-“Х-ТҮЦ” продакшнаас өөр аавынх нь өгүүллэг, туужийг зөвшөөрөлгүй уран бүтээлдээ ашигласан хамтлаг, продакшн бий юу?
-Ер нь хошин урлагийнхан 1990-2000 оны хооронд аавын зохиолуудаас тоглодог байсан. Аав маань хошин зохиолынхоо төрөлд үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Тэр үед оюуны өмч гэж байгаагүй. Тэгсхийгээд өнгөрдөг байсан. Одоо бол харьцангуй өөр болсон. Миний хувьд 2003-2010 он хүртэл хошин урлагийн зохиол бичиж байсан. “Шинэ үе” продакшнтай хамтран таван жил ажиллаж, “Комеди арт”, “Захиалгат инээд”, “DOZ” энтертайнментын уран бүтээлчдэд зохиол бүтээлээ нийлүүлж байсан.
Хошин урлагийн уран бүтээлчдийг таньдаг болохоор Гавьяат жүжигчин Н.Ариунболд надад хандаж, “Аавынх нь “Сүнсэнд шингэсэн гэмшил” өгүүллэгийг хошин үзүүлбэр болгож ашиглая. Бид зохиолын утга агуулга, амин сүнсийг нь өөрчлөхгүй” гэж зөвшөөрөл авч байсан.
Бас нэлээд хэдэн жилийн өмнө “DOZ” энтертайнмент гэж байхад жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрийн хамт ирж, аавтай уулзсан. Тэгээд аавын гурван өгүүллэгийг Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран контент хийх зөвшөөрлийг авч байсан. Бид энэ хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаагүй. Гэтэл “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд аав маань маш их эмзэглэж байгаа. Аавын минь нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулж, маазраа болгон болхи, ургүй, арга ядсан байдлаар бүтээл хийхээр зохиолч хүн сэтгэл санааны хувьд ямар байдал орох нь тодорхой.
-Таны хувьд аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн хошин зохиол бичиж байгаа гэж сонссон?
-Тийм. Гэхдээ хошин урлагийнхан бүгд оюуны өмчийн хулгай хийдэггүй. Миний хувьд өнгөрсөн жилээс хойш “Архинаас гаргасан чоно”, “Хадланчид” гээд одоо гурав дахь зохиолоо бичиж байна. Хошин урлагийн “Маск” болон “Эмоци” продакшны залуус өөрсдөө ярилцаад, уран бүтээлээ хийдэг. Харин “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн хувьд асар их гомдолтой байна. Аавын зохиолоос гадна “Х-ТҮЦ” продакшны бүтээлүүд оюуны өмчийн асуудал үүсгэж байдаг. Өмнө нь “Сэрүүн хасын нууц” болон “Солиот эх” уран бүтээлд бас маргаан үүссэн. Мөн “Сэргээш-1” гээд контентод “Ардын элч” уран сайхны киног хуулахаас гадна тэр үед хит болж байсан зохиолын болон хип хоп, рок поп дуунуудыг ашигласан байдаг.
Энэ бүхэн дээр оюуны өмчийн асуудал үүсвэл үүснэ. Оюуны өмч бол 50 жилдээ тухайн хүний өмч болдог.
Тэр “Сэргээш-2” контент нь “Сүхбаатар” уран сайхны киног хуулбарласан. Олон зохиолчийн үр хүүхдүүд энэ асуудлыг дор дороо бодох ёстой. Яагаад бидний эцэг эх, өвөг дээдсийн хийж байсан бүтээлийг захын хүн гуйвуулж, ашиг орлого олж, зөвшөөрөл авахгүй байх ёстой вэ. Тэгээд үл тоож, уучлалт ч гуйхгүй байгаад маш их эмзэглэж байна. Нөгөө талаасаа бид биенээ мэдэх хүмүүс. Аав маань ч амьд сэрүүн байна шүү дээ. Цаашид ийм байдлыг өөхшүүлэхгүйгээр таслан зогсоох шаардлагатай. Би өмгөөлөгчийн хамт “Х-ТҮЦ” продакшны 2000 оноос хойш хийсэн уран бүтээлийг судалж, шүүхэд нэмж өгнө. Аавын минь оюуны өмч болсон зүйл рүү зөвшөөрөлгүй халдаж, энийг хэсэгчлэн агуулгыг нь авч ашигласан бол хуулийн байгууллагад дахин хандана.