лаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсны дагуу эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирээд байгаа билээ.
Тус бүр нь 275.8 сая төгрөгийн үнэтэй эдгээр автобуснууд 29 хүний суудалтай, 80 хүний багтаамжтай. Мөн гаднаа гурав, дотроо таван камертай, USB цэнэглэгчтэй, хоёр давхар цантдаггүй цонхтой. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангажээ.
Энэхүү автобуснууд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т шилжиж байгаа бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын дугаараа авсны дараа ННТГ руу албан хүсэлтээ явуулж улсын байцаагчийн үзлэг шалгалтад орж бүртгэгдсэнээр ирэх сарын 02-ноос үйлчилгээнд явж эхлэх аж.
Ташрамд дурдахад дахин 300 автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.