Дэлхийн уран зохиолын алтан фондоос хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд хамгийн эерэгээр нөлөөлдөг, эцэг эхчүүдэд уншихыг зөвлөдөг бүтээлүүдийн нэг бол алдарт уран зохиолч, хөгжмийн зохиолч Э.Т.В. Гофманы шидэт үлгэрүүд юм.
Мария охины зүүдэнд самар цөмөгч – эрэлхэг ханхүү өөрийн тугалган цэргүүдтэйгээ амилан түүнийг болон сүлд модоо тойруулан чимсэн хайртай тоглоомуудыг нь хамгаалан хулганы армитай байлдан ялан дийлж, хязгааргүй их цаст шилмүүст ойд будран гялалзах цасан ширхгүүдтэй наадан бүжиж, шидэт үлгэрийн орноор аялах энэ түүх балетын жүжиг болон эдүгээ 132 жил дэлхийн орон орны урлагийн ертөнцийг чимэхдээ самар цөмөгч орчуулгаараа орост “Щелкунчик”, англи, америкт, австрали.. “Nutcracker”, германд “Nusskhakcer”, Данид “Noddeknaekkeren” гэх мэт дуусашгүй их нэршлээр тоймгүй их газар үзэгчдийн хүртээл болсон.
Хамгийн анхны балетын тоглолтын нээлтийг 1892 онд Оросын Санкт-Петербург хотын Хатан хаан Мария Александровнагийн нэрэмжит театрт агуу хөгжмийн зохиолч П.И. Чайковскийн аялгуугаар амилж байжээ. Энэ балетын түүх, үйл явцыг аялгуут симфони найрал хөгжмүүд эгшиглүүлэн цуурайтах төдийд алмайрмаар түргэн агшин илбэдэгдэж балетын жүжгийн урлагийн уран тансаг илэрхийллээр үлгэр тайзнаа амилдаг.
Хаадын театруудын тайзыг чимдэг байсан энэхүү бүтээл нь Монгол улсад маань ДБЭТ-рын тайзнаа 1982 оны 5-р сарын 8-нд тоглогдсон ба одоог хүртэл “Цөмөөхэй”, “Щелкунчик” нэрээр тоглогдож, өөрийн үзэгчдийн эгнээгээ тэлсээр ирсэн.
Энэ удаагийн “Олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи”-аас санаачлан хийж буй “Цөмөөч Ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балетын төсөл нь зөвхөн балетын мэргэжлийн сургуулиудад суралцаж буй сурагчид бус харин энгийн сургуулийн бүжгийн урлагт сонирхолтой 270 гаруй сурагчдын оролцоог дэмжин туслах дүрүүдэд оролцуулж, хүүхдүүдэд зөвхөн үзэгч байх бус тэдний оролцоог өргөн хүрээнд хамруулах боломж олгосноороо сонгодог уран бүтээлүүд, сонгодог хөгжим, сонгодог балетын урлагийн боловсролын тухай ойлголт, мэдэгдэхүүнийг олгож урлагийн гайхамшгийг биечлэн мэдэрч, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах, шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр, мартагдашгүй дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
“Олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи” НҮТББ энэхүү балетыг дэглэсэн бөгөөд Corporate Hotel and Convention center-ийн тайзнаа болох юм.