Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд түрүүлсэн бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх нь ихэссэн. Энэ жилийн баяр наадмын төрүү бөх М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь А, Б сорьцоороо батлагдаж нотлогдсон билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй яваа. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодрууллаа.
Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ц.Бямба-Отгоны цолтой холбоотой асуудал манай дээр орж ирээгүй гэлээ.
Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.
Ямартай ч одоог хүртэл улсын их баяр наадмын түрүү бөхийн цолны асуудал Ерөнхийлөгчийн тамгын газарт очоогүй байна.