Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Чиг үүрэг, албан тушаалынхаа дагуу СЕХ-ны гишүүнээр Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын дарга Т.Сүхболд, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшсэн.
УИХ-ын гишүүд эдгээр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз янзын юманд холбогдож байсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна.
Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Та бүхэн эртнээс сайн бэлтгэлтэй байж, яаж бүртгэх дүрэм журмаа тодорхой болгохгүй бол энэ мэтийн нөхөд шургалах цонхыг нээчихсэн байгаа. Үүнд л анхаармаар байна.
Хэрвээ С.Баярцогт хэлмэгдсэн юм бол түүнийг хэлмэгдүүлсэн шүүгч, мөрдөгч ял авах ёстой. Гэтэл үгүй байна. Энэ чинь тоглоом байгаад байна.
Ер нь энэ жагсаалтын 48 бол осолтой. Янз янзын юмнууд шургална. Янз бүрийн юманд холбогдож байсан улсын амьд үлдэх, улс төр дэх ийм нүх сүв болчихсон. Энэ дээр эртнээс сайн бэлтгэлтэй байгаарай.
Хиймэл оюун ухаанаар хийгдсэн зүйлийг илрүүлэх боломжтой гээд байгаа. Гэхдээ илрүүлэх гэсээр байтал сонгуульд дуусчихвал яах вэ гэдэг асуудал бий. Анхааралтай байхгүй бол та нар тогтоох гэж байтал сонгуулийн дүн гараад нөгөө хүн өнгөрөөд, асуудал нь шийдэгдэгдчих боломжтой. Тиймээс хурдан шуурхай байдал, олон нийтийн сүлжээний гүтгэлгийн асуудал прокурорт байна уу гэж харагдаад байгаа. Шүүхэд өгөхөөр илт гүтгэсэн зүйл дээр прокурор хэрэгсэхгүй болгож байгаа.
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хиймэл оюун ухааны хувьд бид түргэн шуурхай илрүүлж чадна. Бидний одоогийн шалгаж байгаа техник тоног төхөөрөмж, мэргэжилтэн шинжээч нар хамгийн удаандаа 2-3 цагт илрүүлж чадна. 30 секундийн дотор ч илрүүлэх хүчин чадалтай. Тэгэхээр 30 секундээс гурван цагийн хугацаанд илрүүлэн шалгаад, гомдол мэдээллийг яаж бүртгэж авдаг тэр дагуу ажиллана.