Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна.
Сонсголын үеэр шинжээчийн зүгээс “Админериал” компани тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүй бөгөөд МТАС түншлэлийн ажиллах чадварыг шалгаж үзэхэд нэг ч ажилтангүйгээр НДШ огт төлөөгүй байгааг хэлсэн.
Бортээгийн уурхайн гэрээт олборлогчоор тендерийн шалгуурыг хангаагүй мөртлөө “Таванхур”, “Админериал” компаниуд гурав дахь удаагийн тендерт түншлэгчээр оролцсон шалтгааныг Сонсгол даргалагч Б.Энхбаяр асуув.
Энэ талаар “Админериал” компанийн дэд захирал Ц.Лхамжав дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр “Манай борлуулалтын орлого өнөөдрийг хүртэл 0 байгаа. Бортээгийн нүүрсний уурхайд зориулж үйлдвэрээ ерөөсөө төлөвлөгөөгүй.
Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Германы пассив хаус, ус төрөгчийн бие даасан халаалтын систем гэх мэтчилэн өндөр технологид суурилж ажилладаг.
Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой бид хамтарч ажилласан. Монголын ихэнх нүүрс говьдоо бий. Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд германы нэр бүхий компанитай холбож өгсөн.
Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Байршил нь холдсон учраас Хятад руу хандсан.
Ингээд өмнө нь таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан.
Хуурай технологиор нүүрс боловсруулж, баяжуулах туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас 2021 оны долдугаар сарын 2-нд компани байгуулсан” хэмээв.
Үргэлжлүүлэн “Монголиан контракт майнинг сервис ХХК-ийн Ж.Мягмарсүрэн захирал мөн хуурай технологи хайж байгааг мэдсэн. Манайх ТЭЗҮ-гээ хийгээд аль хэдийн бэлэн болсон байсан.
Санхүүгийн чадварын үзүүлэлтийг манайх хангахгүй байна гэж ярьж байна. Мэдээж манай компани дангаараа орвол хангахгүй. Мөнгө, цаг хугацаагаа хий дэмий үрээд тендерт нь орж болох эсэх эргэлзээтэй.
Гэхдээ бидэнд тавьж байгаа шаардлага нь түншлэлийн нийт гишүүдийн нийлбэр дүнгээр тооцно гэсэн. Өөрөөр хэлбэл тусгайлан нэг хүнд заасан хуулийн заалт байхгүй учраас манай компани орж болно гэж үзсэн.
Тендерийн баримт бичгийг нь үзээд түншилж болно гэж дүгнэсэн байдаг” хэмээв