Буриад ардын дуу “Хадын оройгоор” дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар “Тамгагүй төр” жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд өртөж байна. Бид энэ талаар буриад судлаач болон дуучин Ц.Мөнхболдоос тодруулж асуулаа.
Буриад улсын УГЗ, доктор профессор Г.Батцэрэн:
МУУГЗ, Буриад улсын УГЗ, доктор профессор Г.Батцэрэн “Хадын оройгоор” дуугаар докторын диссертацийн ажил хийж байжээ. Түүнээс дуучин А.Хишигдалай, Гинжин нарын шинэчилж дуулсныг сонсоод төрсөн сэтгэгдлийг нь асуухад “Тэгж дуулах ёсгүй дуу. Энэ дуу бол 1933 оны Лхүмбийн хэргийн дараа 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд дуулагдаж байсан дуу. Айл гэрийн бүх л эрэгтэй хүнийг хойноос оргож ирлээ гэх шалтгаар баривчилсан. Дууг дуулахдаа юуны тухай, ямар агуулгатай дуу болох, яаж дуулбал болох уу гээд судалгаа хийж дуулах ёстой. А.Хишигдалай шиг ийм хувцас өмсчхөөд баясаж байгаа аятай дуулж болохгүй. Тэр байтугай найран дээр ч дуулах ёсгүй, хэлмэгдүүлэлтийн үеийн түүхэн гунигийн дуу. Тиймээс дуулахаасаа өмнө судалгаа хийж, үг хэллэгээ хүртэл бодох хэрэгтэй. Дуулсныг нь сонсоход үгийг нь хүртэл буруу дуулсан байна. Ерөнхийдөө аялгуу нь байгаа ч хэллэгүүд нь буруу байсан. Баяр ёслолын үеэр тайзан дээр дуулж байгаа юм шиг байдалтай дуулах дуу биш. Тайзан дээр дуулбал гунигийн байдалтай л дуулагдах дуу. Ц.Мөнхболдын дуулсныг зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Ц.Мөнхболд бол өөрөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад хүн учир маш сайхан зөв дуулсан. Түүн шиг л дуулахгүй бол хоёрын хооронд үндэстэн, ястны дууг тэгж дуулж ерөөсөө болохгүй.
Мэдэхгүй хүмүүс яг энэ хэлбэрээр нь буруу зөрүү сураад цаашаа дамжина. Миний хувьд бол нэлээд эмзэглэж байна. Ингэж болохгүй гэж хэлмээр байна.
Үгний хуваарилалт, нугалаануудыг алдагдуулсан. Мэддэг хүнээс нь асууж судалж, өөрөө сайн сурч байж дуулах хэрэгтэй байгаа юм. Өмссөн хувцас хунар нь хүртэл тэр олон буриад хүнийг доромжилж байгаа юм шиг л харагдаж байна. Тэгж болохгүй. Ер нь цаашдаа уран бүтээлч хүмүүс, ялангуяа залуу уран бүтээлчид анхаарах хэрэгтэй. Түүхэн дууг дуулахдаа түүхийг нь сайн судалж байж дуулах хэрэгтэй.
Авга эгчийг минь бага байхад 1936 онд энэ дуу гарсан гэж ярьдаг. Тэгэхээр ойролцоогоор 1935 оны үед гарсан байж таарна. Чухам Хэнтийд гарсан уу, Дорнодод гарсан уу гэдэг нь тодорхойгүй. Ая зохиогч нь мөн тодорхойгүй.
Насанд хүрсэн эрчүүдийг бүгдийг нь хамж аваад ихэнхийг нь цаазалж, заримыг нь 10 жил хорьж байсан түүхтэй. 10 жил хоригдоод гарсан хүмүүс л нутаг буцаж байсан. Цагаатгалын хуулиар гарсан тухай Тагнуулын газрын баримтууд нь байдаг. Хөгшин аав, нагац аав маань олон тооны малтай байсныг бүгдийг нь хурааж авчхаад нэг ч хөрөнгө хурааж аваагүй гэсэн бичиг байдаг. Тагнуулын газрын тэр бичиг нь одоо ч надад байгаа. Энэ бол их эмзэг сэдэв. 1933 онд Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Лхүмбийн хэргээр зохиомол хэрэг үүсгэж хойноос ирсэн буриадуудыг бүгдийг нь баривчилсан. Дараа нь 1937 онд Гэндэнгийн хэргээр Оросоос зугтан гарч ирлээ гэж буриадуудыг дахиж баривчилсан. Гашуун сургамжтай дуу тул хамаагүй дуулж болохгүй” хэмээв.
-Ш.Балжид: “Хадын оройгоор” дууг буриадууд их болгоомжилж дуулдаг-
Дорнод аймгийн Дашбалбар суманд 22 жил Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гараад буй Ш.Балжид гуайгаас сэтгэгдлийг нь асуухад “Хадын оройгоор дуу бол буриад түмний их болгоомжилж дуулдаг, олон жил дуулагдаж байгаа түүхэн дуу. Яаж мартагдахав. Гэтэл дэндүү муухай дуулж буриад хүнийг доромжилсонд нь маш эмзэг байна. Олон хүний сэтгэлд сэв хийж, дургүйг нь хүргэсэн их муухай юм болсон. Санаатай хийсэн зүйл биш л байх л даа. Аятайхан уран бүтээл байна гэж бодоод л дуулсан байх. Гэхдээ л эмэгтэй дуучны өмсөж зүүсэн хувцас зэрэг нь буриад түмний дургүйг маш их хүргэсэн тул уучлалт гуйх байх гэж бодож байна”.
“Хадын оройгоор”дууг Буриад улсын гавьяат жүжигчин , МУСТА Ц.Мөнхболд анх 2008 онд дуулж олны хүртээл болгосон. Мөн тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дуулж, олны хүртээл болгосон билээ.
Түүнээс сэтгэгдлийг нь асуухад “СУИС-ийг дүүргэсэн, дуулах хэв маягаа олсон хүүхэд түүхэн дуугаар тэгж оролдож, үглэсэн нь зохисгүй үйлдэл. Тухайн хэлмэгдүүлэлтийн үед олон хүнийг, жирэмсэн эмэгтэйн амийг хүртэл хөнөөж байсан. Буриад эмэгтэйчүүд хонь муулах эр хүнгүй болж, монгол хүнд хадаг бариад хонь муулж өгөөч гэж гуйдаг байсан түүх ч бий.
Түүхэн дууг хип хоп, хайр сэтгэлийн дуу болгож дуулах нь зохисгүй зүйл байгаа юм. Надад заргалдвал заргалдах юм байна. Даанч тийм сонирхол алга. Залуу хүүхэд гэж бодоод дуугүй байя. Гэхдээ юм гэдэг учиртай байдаг. Ард түмэн, үндэстэн ястан гэдэг чинь үүх түүхийнхээ төлөө заавал өмөлздөг. Тэрийг бас бодолцох л ёстой байсан. Ямар хүмүүс нь ярьж энэ дууг заавал энэ хоёроор дуулуулсан байгаа юм.
Яг үнэнийг хэлэхэд би дотроо бол буриадын ард түмнийхээ өмнөөс харамсаж байна. Ямарваа нэг юманд учир жанцан, түүх соёл, өв уламжлалыг нь хадгалах гэж юм байх ёстой л гэж боддог. Би өөрөө энэ дууг анх 2008 онд цомогтоо оруулж дуулахдаа мартахын учиргүй дуу мартагдах гээд байна, энэ дууг үлдээх ёстой гэдэг утгаар буриадынхаа ард түмнээс уучлал гуйж байгаад дуулж байсан.
Б.Лхагвасүрэн гуай миний дуулсныг сонсоод анх надтай уулзаж байсан. Дараа нь “Hero” Баатар энэ түүхэн дууг хадгалж үлдээмээр байна гэсэн санал тавиад “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дуулж байсан.
Дуу дуулдаг дуучин байхдаа гол нь биш дууг мэдэрдэг дуучин байх хэрэгтэй. Буриадын ард түмэн урын сандаа маш олон төрөл жанрын олон дуутай ард түмэн. Мэдээж дуулж болно. Олон хүнд хүргэж, таниулж л байвал сайн хэрэг. Гэхдээ ийм жанрт оруулах нь бол таалагдаагүй.
Буриад үндэстэн ястан бол монголын нэг л хугархай. Хорхой хүртэл нуруунд нь хүрэхэд атиралддагтай л ижил. Маш олон хүн дургүйцэж над руу ярьж байна. А.Хишигдалай цаашид олон сайхан дуу дуулаад явах залуу хүний хувьд сэтгэл байвал уучлалт гуйвал сайн л байна гэж бодож байна.
Дөрвөд, Торгууд, Монгол ч байсан бүгд л ардаа язгуур урлаг, ардын дуутай. Түүхэн утга учиртай дууг түүхэн хэвээр нь л байлгах учиртай. Тэгж байж бидний урын сан хадгалагдаж, улам батжин бэхэжнэ.
“Хадын оройгоор” дуу бол бидний дуулахаас ч айдаг, дуулвал хамаг зовлон маань эргээд ирчих болов уу гэж эмээдэг, шөнө орой, найр наадамд дуулахаас хориглодог хориотой дуу. Би энэ дууны аялгуу сайхантайд нь болж дуулаагүй. Хамгийн гол нь мартах учиргүй дуу гэдэг утгаар нь дуулсан. Нэг бодлын олон хүний сүнстэй дуу. “Гоолингоо” дууг дуулсан хүн болгон зовдог байсантай л адил дуу” гэлээ.
Хадын оройгоор
Хадын оройгоор харахадам
Харанхы манан соо наран байна
Хайртай гансаяа hанахадам
Харалсахын аргагүй холо байна
Уулын оройгоор харахадам
Уняартай манан соо наран байна
Ушарhан гансаяа hанахадам
Уулзахын аргагүй холо байна
Шэлын оройгоор харахадам
Сэнхирхэн манан соо наран байна
Сэдьхэлтэй гансаяа hанахадам
Сэнгэхийн аргагүй холо байна…
-Гинжин: “Хадын оройгоор” дууны түүхийг мэднэ, миний өвөө буриад хүн хэлмэгдүүлэлтээр амиа алдсан-
Бид “Хадын оройгоор” дууг шинэчилсэн хувилбараар дуулсан дуучин А.Хишигдалайгаас мэдээлэл авъя гэхэд “Боломжгүй” гэж хариулсан юм. Харин Г.Гарьд /Гинжин/-аас тодруулахад “Энэ дууг “Тамгагүй төр” шинэ жилийн тусгай дугаартаа зориулж дуулуулсан. Миний хувьд хар бараан түүх өгүүлсэн бүтээл гэдгийг нь мэдэж байсан учраас эсрэгээрээ амь насаа алдаагүй, эргэж уулзах боломжтой байдлаар үгээ бичсэн. Миний ээж буриад, өвөө минь ч гэсэн хэлмэгдүүлэлтийн үед амь насаа алдсан. Ер нь бол хүн бүхэнд юм бүхэн таалагдах албагүй. Яг үнэндээ бид хоёр руу дайрч байгаа 100 мянган хүний 95 мянга нь “Хадын оройгоор” дууг огт мэдэхгүй, одоо л мэдэж авч байгаа байх” гэлээ.