Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч дахин хойшилжээ. Өмнө нь хуралдааны даргалагч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож буй шалтгаанаар шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлээд байсан юм. Улмаар гурав дахь удаа Ц.Хулан нарыг шүүх хурал хойшиллоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…” шүүхэд ирүүлсэн, Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлолоо гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан юм. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон хэрэгт буруутгаад буй юм.
Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.