Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал 10:00 цагийн үед завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг мэдээллээ.
Тодруулбал, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэж буруутгаад буй. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд өчигдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдсөн байна.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтад Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж буруутгаж буй. Эл зүйл заалтаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэр цагаас хойш цагдан хоригдож байгаа юм.