МАН метро барихаар нэгэнтээ шийджээ. Энэ тухай нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна. Жайкагийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.
Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэв. Тэр дагуу НЗДТГ метро барих олон улсын нээлттэй тендер өчигдөр зарлагдав. Түүгээр зогсохгүй метроны тасалбарын үнийг 1000 төгрөгөөр тогтоосноо иргэд, олон нийтэд түгээв. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг. Барих компаниа тодруулаагүй байж суух тасалбарыг нь тооцоод гаргадаг нь бас л аргуун үйлдэл шүү. Ямар чөтгөр нь тэдэнд ийм санаа шивэгнэчихсэн юм, бүү мэд.
Ямартай ч нийт хүн амын тал хагас нь албан ёсоор суурьшдаг, албан бусаар бол дийлэнх олонх нь зах зээлээ бараадаж амьдардаг Улаанбаатарт метро барих шаардлага бий юу гэвэл бий. Хотын ачаалал, иргэдийн стресс, эдийн засгийн үзүүлэлтээ бодсон ч нийтийн тээврийн салбарт эрс реформ хийх цаг болсон. Ингэхдээ харин газрын дээр барих уу, доор барих уу гэдэг л гол асуулт болсон. Тэр тасалбар, масалбар бол жижигхээн, бараг 200 дугаар асуудал.
Газрын дээр эсвэл доор барьснаар эдийн засагт болон иргэдийн амьдрал, орчин нөхцөлд ямар эрсдэлтэй болоод эдийн засгийн хувьд хэр давуу талтай вэ гэдгээ эхлээд маш сайн тооцох ёстой. Түүнээс ТҮЦ барих гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр, сонгуулийн шоу болгоод юу ч хийсэн яахав. Харин метро бол бөөн мөнгө, бөөн байгууламж, бөөн эрчим хүч шаарддаг том төсөл. Сайтар төлөвлөж, тооцож байж барьдаг эд. Авто зам барих гэж байгаа бол “луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” хамаагүй. Харин метро бол тэс өөр. Тиймээс долоо хэмжиж нэг огтлох ёстой. Энд тэндэхийн алдаа, оноог судлах хэрэгтэй. Хол, ойр явсан, уншсан дуулсан хүмүүсийн үгийг сонсох шаардлагатай.
Энэ тухайд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Х.Нямбаатарт өгсөн зөвлөгөө нь “Газар доорхи байгууламж түгжрэл шийдэхэд тустай. Төвийн дэлгүүр мухлаг, хоол үйлчилгээний газар, Нарантуул, Дүнжингарав, бусад нь ингээд орчихвол. Урт, олон гарц, чиглэлтэй байвал. Япон, Солонгосынх энэ байна. Урамшуулал, баталгаа байхад эзэд өөрсдөө барьчих байх. Улс стандарт, аюулгүй байдалд нь хяналт тавиад.. @KhNyambaatar” гэх жиргээ.
Мэдээж, хотын дарга Х.Нямбаатарын эрх мэдлийн хүрээний асуудал мөн боловч авах гээхийн ухаанаар хандаж байж эдийн засаг, нийгэмд өгөөжтэй төсөл хэрэгжүүлнэ. Ядаж дараа нь “шоронд” орохгүй нь тулд шүү дээ. Монголд ажил хийвэл толгой цусаддаг болсон цаг.