Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр /2024.02.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Миний хувьд бие даагчийн төлөөллөөр ИТХ-ыг тэргүүлж байгаа. Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 хөтөлбөртэй нийцүүлэн аймаг орон нутгийнхаа 2021-2024 онд Увс аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргынхаа таван жилийн үндсэн чиглэлээ баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг орон нутгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдтэй хамтран ажиллаж байгаа. Ганц хамтарч ажиллаагүй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Энэ хүнтэй уулзалгүй дөрвөн жил болж байна. Сая эдийн засгийн форумд бодит санал хэлэхээр бэлдэж ирсэн боловч сонссонгүй. Увс аймгийн бүсчилсэн хөгжлийн стратегийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын аж үйлдвэрийн паркуудын холбоотой гэрээ байгуулж, бусад аймгуудтай холбогдох бодлогуудыг танилцуулахаар ирсэн. Харамсалтай нь эрх баригчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ ард иргэдэд танилцуулах шоу болж өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд манай аймагт дэмжлэг бага байсан ч бид 2016-2020 оны удирдлага, УИХ-ын гишүүд маш их хэмжээгээр төсвийн мөнгө угааж байсан асуудлыг таслан зогсоосон. Тиймээс 2022, 2023 онд аймгийнхаа ДНБ-ийг 190.7 тэрбум төгрөг болгож, өмнөх оноос 114.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн” гэв.