60 тонн хийн түлш ачсан машин ослын улмаас дэлбэрэхэд “Edu Apartment” хотхоны 207 дугаар байрны оршин суугч өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Бид тус байрны нэг давхрын оршин суугчтай холбогдож, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авлаа.
-Ослын талаар анх яаж мэдэгдсэн бэ?
-Шөнө гэнэт аймаар хүчтэй дуу чимээ гарсан. Гайхаад босоод цонхоо нээгээд харахад дүрэлзсэн их гал нүүрэнд тулчихсан. Сандраад эхнэрээ сэрээгээд хувцаслаад хоёулаа маш хурдан гарсан. Гарах үед манай байр руу гал орж ирээгүй байсан ч орцноос гарах үед 2, 3 дахь дэлбэрэлт болсон. Би эхнэрээ найзындаа хүргэж өгчхөөд одоо байр руугаа явж байна.
-Гал танай байрны аль хэсгийг хамарч, гэр орон тань ямархуу байдалтай болсон бол?
-207 байрны 1-13 тэр чигтээ галд өртсөн. Энэ чинь нэг орцтой 65 хаалгатай орон сууц. Оршин суугчид яг дэлбэрэлтийн улмаас гал байр руу орохоос өмнө амжиж гарсан. Гал унтраасны дараа алба хаагчид орчныг аюулгүй болгох зорилгоор хөдөлгөөн хязгаарлаж, хамгаалалтад авсан. Тийм болохоор гэр орноо ямар нөхцөл байдалтай болсныг мэдээгүй байна. Бид нар одоо оршин суугчдын групп дээрээ бүртгэл явуулаад, одоо цуглах арга хэмжээг зохион байгуулж байна.
-НОК галд өртсөн барилгыг ашиглалтад оруулах боломжтой эсэхийг тогтооно гэсэн. Энэ хэдэн онд ашиглалтад орсон орон сууц вэ. Мөн албаныхан оршин суугчидтай холбогдсон уу?
-2017 оны намар ашиглалтад орсон. Аль нэг холбогдох албанаас оршин суугчидтай холбогдоогүй байна.
-Нийт 28 машин шатсан. Оршин суугчдын тээврийн хэрэгслүүд байсан уу?
-Ихэнх нь оршин суугчдын машин байгаа. Жишээ нь, миний машин юу ч үгүй шатчихсан.
Тус байрны оршин суугчид одоо нэгдсэн зохио байгуулалтад орж эхэлж байна. Гал орон сууц руу чиглэх үед гэрээсээ гарсан учир хэн нь хэрхэн хохирсноо ч мэдээгүй яваа аж. Оршин суугчдад зориулсан хандив тусламжийн арга хэмжээ “Ач тус” эмнэлэг дээр өрнөж буй.