Тэгвэл өчигдөр/2024.1.1/ лигийн энэ оны эхний тоглолтууд боллоо. Эхний тоглолтод “Бишрэлт Металл”-ын залуус “Шаркс”-ыг хожиж, тэргүүлэгч гурван багийн араас нэхэж байна. Тус тоглолтод Б.Сүхбат 24 оноо авч, энэ улирлын “Тэргүүн тоглогч”-ийн шагналд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулав. Улирлыг даруухан эхлүүлсэн тэрбээр сүүлийн үед гайхалтай байгаа. Түүний алсын зайн шидэлтүүд, будагтай талбайн тоглолтууд онцгойрч, баг нь ч дараалсан ялалтуудыг авч байна. Энэ ч утгаараа 23 настай, 192 см өндөртэй түүний хувьд энэ улирлын “Тэргүүн тоглогч”-ийн чансааг тэргүүлж буй. Магадгүй Б.Сүхбат энэ формоо алдалгүй явбал “Тэргүүн тоглогч”-ийн шагнал хүртэх нь гарцаагүй.
Сонирхолтой нь, Б.Сүхбат шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдаагүй билээ.
Харин эмэгтэйчүүдийн “Тэргүүн тоглогч”-ийн чансааг Ө.Индра тэргүүлж байна. Тэрбээр сүүлд аваргууд болох Амазонсыг хожиход 28 оноо авч, багаа тэргүүлсэн. Монголын лигийн хувьд Азийн зарим лигийн адилаар гадаад тамирчид дундаа “MVP”-ийн шагнал өгдөг. Тэгвэл тус шагналын чансааг Пендарвис Уиллиамс манлайлжээ. Уурхайчидын хамгаалалт, довтолгооны гол хүн тэрбээр өнгөрсөн улирал тус шагналыг хүртсэн билээ.
Өчигдөр болсон Монголианс болон Налайх Бизоны тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Монголианс гурван үеийн турш илүү байсан ч шийдвэрлэх үед Бизон санаачлагыг гартаа авч ялалт байгуулав. Ялангуяа Т.Санчир Бизонд яах гэж ирсэн бэ гэдгээ харууллаа. Түүний хувьд 32 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Гэхдээ Бизон плей-оффд хол явъя гэвэл сайжруулах ёстой зүйлс олон байна. Холбон тоглогчоос эхлээд сэлгээний оноо авалт дээрээ анхаарах ёстой харагдав.
Энэ өдрийн сүүлийн тоглолт Дархан Юнайтед, Сэлэнгэ Бодонсын хооронд болж, Бодонс дөрвөн үе илүү явсаар ялалт байгууллаа. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ эн тэнцүүхэн байсан бөгөөд эгзэгтэй мөчид А.Базаргүр чухал оноонуудыг авч, багаа ялалтад хөтөллөө.