Хятадын баруун хойд нутгийн Шинжаан мужид их хэмжээний цас орсны улмаас 1000 орчим жуулчин гацаад байна. Цасан хунгар зарим хэсэгт долоон метр хүрчээ. Цас цэвэрлэх төхөөрөмж ч энэ өндөрт нь хүрэхгүй байна.
Жуулчид Казахстан, Орос, Монголын хилийн ойролцоох байгалийн үзэсгэлэнт газар Хэму тосгонд гацсан. Алтайн нурууны Канасын үзэсгэлэнт газар руу чиглэсэн хурдны замуудад цас хунгарлан, нуранги үүссэн байна. Нийтдээ 50 км орчим зам цасанд дарагдсан бөгөөд цэвэрлэгээ долоо хоногийн өмнөөс эхэлсэн. Зарим газарт нь 10 хоног үргэлжлэн цас орсон тул зарим жуулчинг нисдэг тэргээр аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Элдэв чулуулаг, хог хаягдал, модны мөчрүүд цастай холилдсон байгаа нь цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж байгаа аж. Цас цэвэрлэх машинууд том зүйлд тээгэлж гацдаг тул онцгой байдлын аврагчид хүрз, экскаватор ашиглаж байна. Аврах ажиллагаанд 53 хүн, 31 техник оролцож байна.
Жуулчдаас гадна тосгоны ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдов. Хэму тосгон руу гурил, түлш гэх мэт хангамж илгээхээр төлөвлөж байсан цэргийн нисдэг тэрэг саатсан гэж төрийн хэвлэлд мэдээллээ.
Эх сурвалж: JAPAN TODAY