Нийтийн тээврийн чиглэлийг шинэчилсэнтэй холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаатай ярилцлаа.
-Яагаад нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх болсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт сүүлийн 10-20 жилд шинэчлэл огт хийгээгүй. Хотын газар зүйн онцлог нь хэвтээ байршилтай, хөндлөн замтай. Тиймээс замынхаа газар зүйн онцлогт тохируулаад хотын захаас ирсэн бүх чиглэл хотын төв рүү ордог зохион байгуулалттай байсан. Олон жил энэ буруу зохион байгуулалт үргэлжиллээ. Тиймээс үүнийг шинэчилж хотын төвд бүгд орж ирдэг байдлыг халж, нийтийн тээврийн давхцалыг арилгах шаардлага тулгараад байв.
Хотын нэг талаас нөгөө тал хүртэл нэг автобус түгжрээд явахаар захын буудал дээр зорчигчид хүлээх асуудал үүсдэг. Учир нь төв рүү орсон автобус түгжрэлээс гарч ирж чаддаггүй. Үүнээс болж автобусны ирэх хугацаа хоорондоо холддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд захад хүлээгээд байгаа иргэдийг төв зам руу хурдан нийлүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Ингэхийн тулд хоёр талаас орж ирэх богино эргэлт шаардлагатай гэж үзсэн. Энэ богино эргэлт гэж нэрлээд буй тээвэр нь төв зам руу түгээлт хийж байна гэж ойлгож болно. Түгээлт хийж буй богино эргэлтүүдээ төв замын түгжрэл рүү оруулахгүй. Хоёр захад нь л богино эргүүлнэ. Түгээлтээр ирсэн иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд төвийн гол магистралын тээврийн хэрэгслийн тоог нэмж байгаа. Ингэхгүй бол Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөө гэх томоохон гудамж замуудаар бүх чиглэлийн автобус явж, чиглэлийн давхцал үүсгэн хөдөлгөөний нягтралыг ихэсгэдэг. Хөдөлгөөний нягтрал нэмэгдэхээр хотын захад хүлээлэг үүсчихдэг. Энэ асуудлыг л бид багасгах үүднээс энэ төлөвлөлтийг хийсэн.
-Үүнийг ямар суурь судалгаанд үндэслэн, хэрхэн хийсэн бэ?
-Судалгааг Улаанбаатар хотын нийт зорчигчдоос цугларсан дата мэдээлэлд үндэслэсэн. Иргэд зорчих картаа дарахад дата мэдээлэл цугларч байдаг. Үүнээс иргэдийн хамгийн их дамжин сууж буй цэгүүдийг тодорхойлсон. Бидэнд гадаад улсуудад байдаг шиг судалгааны олон зуун хүнээс авдаг технологийн дэвшил нь байхгүй. Бид Улаанбаатар смарт карт компанийн цугларсан дата мэдээлэлд үндэслэж ерөнхий төлөвлөлтийг хийсэн.
Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн давхцалыг арилгаад үзье гэж бодсон. Давхцалаа арилгачихвал иргэд автобусанд суух сонирхол нэмэгдэж эхэлдэг юм байна гэдгийг олон улсын жишгээс ойлгосон юм.
-Олон улсад нийтийн тээврийг ямар байдлаар зохицуулсан байдаг юм бэ?
-Бидний хийж буй энэ шинэчлэл олон улс дахь хамгийн ухаалаг шийдэл гэж явдаг. Ганцхан дутуу юм нь тойрог замын уулзвар байхгүй. Дандаа дөрвөн замын огтлолцолтой учраас нийтийн тээврийнхээ чиглэлийг олон улсын жишгээр саадгүй зогсоохгүй явуулах боломжгүй байдлаараа зөрж байгаа. Бид дөрвөн замын уулзвартай учраас гэрлэн дохион дээр их зогсоод байгаа.
-Бид алдсан гэвэл олон нийтэд мэдээлэл түгээхдээ л алдсан-
-Тойрог замыг байгуулбал богино эргэлтүүд саадгүй эргээд явах юм байна. Тойрог зам байгуулах боломжтой юу?
-Улаанбаатар хотын төв рүү байшин барилгууд шавчихсан. Ямар нэгэн тойрог замын уулзвар хийе гэхээр иргэд газраа чөлөөлж өгдөггүй. Тойрог замыг хийхэд талбай их шаардана. Манайхан газраа чөлөөлөөд өгчихвөл энэ нь боломжтой. Тойрог замгүй учраас дөрвөн замын огтлолцол дээр автобуснууд гэрлэн дохион дээр зогсоод байгаа. Тэгээд түгжрэлд орчихоор арын автобус нь гэрэл дохион дээр гүйцээд ирдэг.
-Богино эргэлтийн зохицуулалтыг хэр хугацаанд боловсруулж хийсэн бэ?
-Сүүлийн хоёр жил эрчимтэй хийсэн.
-Энэ шинэчлэлийн ажилд хэчнээн төгрөг зарцуулагдсан бэ?
-Энд ямар ч хөрөнгө мөнгө цохогдоогүй. Бид өнөөдрийн үйл ажиллагаа явуулж буй чиг үүргийнхээ хүрээнд илүү идэвх санаачилга гаргаж ажилласан нь энэ. Бид энэ ажилд ямар нэгэн байдлаар төсөв огт цохуулаагүй. Өнөөдөр Улаанбаатар хотын сүлжээ төлөвлөлт, нийтийн тээврийн газар хүний нөөцийн хомсдолтой байгаа.
-Зарим иргэн буруу зохицуулалт хийчихлээ гэж буруутгаж байна. Та бүхэнд энэ ажлын хаа нэгтээ нь алдаа гаргасан мэт санагдаж байна уу?
-Иргэддээ сурталчлан таниулахдаа дулимаг ажиллаа гэж бодож байна. Бидэнд цаг хугацаа шахуу, хомс байлаа. Сурагчдын амралт дугаарын хязгаарлалт, хөдөлгөөний эрчим сийрэг үед хэрэгжүүлье гэдэг шийдвэр гарсан учраас мэдээлэл хүргэхдээ бид дутаалаа гэж харж байна.
-Урь орохоор эхлүүлэх гэж байсан. Гэнэт эхлүүлэх шийдвэр гарчихсан-
-Дугаарын хязгаарлалтыг оны өмнө шийдсэн шүү дээ. Энэ шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Оны өмнө Засаг дарга дугаарын хязгаарлалтыг зарласан. Тэр үеэр гарсан шийдвэр юм. Хязгаарлалтын үеийг тааруулж хийхийг үүрэгдсэн. Бид бол урин дулаан цагт сурагчдын амралтыг тааруулж үе шаттайгаар хөдөлгөөний эрчим саарахад хийхээр төлөвлөж байсан. Зөв тогтолцоо учраас цаг хугацаа зөв ч бай буруу ч бай хийхийг хүссэн. Иргэд маршрутыг ойлгоод ирэхээрээ биднийг дэмжих байх гэж итгэж байгаа. Учир нь яах аргагүй л зөв тогтолцоо, цаг хугацааг хэмнэх олон улсад үнэлэгдчихсэн шийдэл шүү дээ.
-Багаа хэрхэн сонгон шалгаруулсан бэ, хувийн хэвшил оролцсон уу?
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, ТЦА, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Манай нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч байгаа.
-Цахим орчинд “Мэргэжлийн хүмүүс оролцоогүй, Тээврийн цагдаагийн алба нийтийн тээврийн маршрутыг гаргасан юм байна” гэдэг агуулгаар ихээхэн шүүмжлэл өрнөлөө…?
-Дээрх байгууллагуудтай хамтарсан гэхээс илүү бидний төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж байгаа гэх нь зүй. ТЦА, Замын хөдөлгөөний удирдлагын төв бидэнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх, автобусыг тус эгнээгээр түргэн шуурхай хуваарийн дагуу явуулах зэрэгт дэмжлэгтэй байгаа. Яг хамтарч хийсэн ажил бус дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Учир нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос гарсан зөвлөмжийн дагуу нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч манай үйл ажиллагааг дэмжиж байгаа.
-Хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 11-11 төвд иргэдийн санал хүсэлт гомдлыг хүлээн авна гэж байсан. Иргэдийн саналын хэрхэн тусгах вэ?
-Дамжих зогсоол нь холдоод дунд нь алхах зэрэг асуудал гараад байгааг санал хүсэлтээр бидэнд хэлж байна. Энэ мэтээр бидний ажилд дэмжлэг үзүүлбэл хүлээн авч, дамжин суух нөхцөлийг нь арай ойртуулах зэргийн арга авахаар төлөвлөж байгаа.
Долоон буудлаас Баянбүрдийн тойрог руу орж ирэхэд нь богино эргүүлье гэхээр Баянбүрдийн тойрог орчимд автобусны зогсоол байхгүй байгаа юм. Хамгийн эхний зогсоол Цагаан байрны зогсоол таарч байгаа юм. Гэтэл Цагаан байр-Баянбүрд хооронд 850 метрийн зай бий. Үүнийг холбох боломжгүй учраас 32-ын тойрог Өлзий төвөөр гаргаад буцааж байна. Бид хамгийн гол нь дамжин суух автобус хангалттай биш учраас энэ төлөвлөлтийг хийхэд бага сага хүндрэл байгаа. Энэ үүднээс НЗДТГ, НЗХГ талбайн урд талын төлбөртэй авто зогсоолыг чөлөөлж өгч байна.
-Одоо дутуу үлдсэн ямар ажил бий вэ?
-Төлбөрийн системийн шинэчлэлийн ажил үлдсэн. Энэ улиралд багтаахын тулд нийтийн тээврийн үнэ ханшийг шинэчлэн тогтоох ажлыг ИТХ-аар оруулна. Хотын даргын танилцуулсан автобусны төлбөрийг 1000 төгрөг болгож, дөрвөн удаа дамжих боломжийг албан ёсны шийдвэр болгож гаргуулна гэсэн үг.
-Автобусны жолоочдод хэр мэдээлэл өгсөн бэ? Автобусаар үйлчлүүлж байгаа хүн бүр жолоочоос явах газраа асууж байгаа гэх мэдээлэл бий.
-Үйлчилгээ эрхэлж байгаа ААН-ээр нь дамжуулж мэдээллийг хангалттай өгсөн. Гэхдээ жолоочид маань өөрсдөө маш их стресстэй, олон цагаар ажилладаг учраас иргэдэд мэдээлэл өгөх үүргийг хүлээгээгүй. Зарим жолоочид маань нийтийн тээврийн шинэчилсэн маршрутыг дэмжиж мэдээллийг сайн дураараа түгээж байгаа. Гэхдээ хүн бүр хоорондоо харилцан адилгүй учраас тухайн цаг минутад ямар байдалтай байгаагаасаа хамаарч иргэдэд тайлбарлах зэрэгт цааргалах тохиолдол ч бий. Мэдээллийн ажилтан шиг байх боломжгүй. Жолоочийн хомсдолтой байгаа ийм үед иргэд жолоочдыг аль болох битгий стресстүүлээсэй гэж хүсэж байгаа. Яг үнэндээ ажиллах хүчин дутмаг байгаа учраас бид нөгөө талаас нь жолооч нараа аргадаж л ажиллуулж байна. Бид тэдний нийгмийн асуудлыг шийдэж, ачаалал, цалин хөлс зэрэгт нь анхаарч байгаа.
Мөн дамжин суулт ихсэхээр иргэд бэлэн мөнгө жолоочид өгөх нь багасчхаж байгаа. Энэ нь бэлэн мөнгө авч “дэмбээддэг” жолоочдыг эсэргүүцэхэд хүргэж байж мэднэ.
-Энэ шинэчлэлээ буцаа гэдэг байр суурийг зарим иргэн эсэргүүцэж, зарим нь дэмжиж байна. Хэрэв буцаавал?
-Буцааж болохгүй. Хэрвээ буцаавал эргээд л тэг зогсолт үүсдэг байдалдаа эргэлдэнэ. Нөгөө л захын суурьшлын бүсийн иргэд автобусны буудал дээрээ даарч хөрөөд хүлээнэ. Төвийн түгжрэлд иргэд гацаад, цаг хугацаагаа алддагаараа алдаад, нийтийн тээврийн салбарт шат ахих боломжийг нь хаасан явдал болно. Төвдөө түгжрээд байж болох ч гол нь захын суурьшлын иргэдийг төвдөө хурдан авч ирж, цагийн нь хэмнэх нь чухал байна.
Зөв мэдээллийг зөв түгээгээд, үнэхээр болохгүй байгаа асуудлаа засаад иргэддээ шинэчилсэн чиглэлээ хэвшүүлчих юм сан гэсэн бодолтой байгаа. Яг асуудал гараад байгаа бол бид засаад сайжруулаад явах болно.
-Чиглэл тодорхойлох үсгүүд өөрчлөгдсөн байна. Одоо байгаа үсгүүд ямар утга илэрхийлж байгаа вэ?
-Хуучин “Ч-1” гэх байдлаар дугаарладаг байсан. “Ч” үсгээрээ дугаарлая гэхээр шинэ хуучин нь ялгагдахаа болино. Шинээр нийтдээ дөрвөн үсэг гарган автобуснуудаа ялган тодорхойлж байна. Танилцуулбал, “М” гэдэг нь магистрал, “Ү” нь үндсэн чиглэл, “Х” нь хот орчмын чиглэл, “ДГ” нь дунд багтаамжийн чиглэлүүдийг тус тус нэрлэсэн.
-Зарим жолоочид хоёрхон буудал явж байна гээд бухимдлаа илэрхийлсэн байсан. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Шадивлан руу явах чиглэл халтиргаа ихтэй учраас доороо богино эргэж байгаа. Хоёр буудал газар богино эргүүллээ гээд ганц нэг жолооч бухимдаж байна. Энэ бол цэвэр жолоочийн хандлагын асуудал. Хуучин Шадивлангийн чиглэл нь 21 дүгээр хороолол ордог байсан. Тэгэхгүйгээр богино эргүүлж байгаа. Шаргаморьт, Шадивлан, Зунжингийн чиглэл бол өвөлдөө маш цөөн хүн суудаг зуслангийн чиглэл учраас хүн бага суух нь аргагүй. Зарим иргэд манай чиглэлд автобус явдаггүй байсан. Явдаг болсонд баярлаж байна гэх зэргээр талархал ирүүлж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд иргэдэд юуг зөвлөх вэ?
-Иргэд шинэчлэлийг тайвнаар хүлээж аваад, чиглэлүүдээ дор бүрнээ ойлгоод авчихвал олон хүмүүсийн урам зоригоор хотынхоо түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийг хөгжүүлэх асуудалд хувь нэмэр болно. Мөн Imap app-ыг утсандаа суулгаж аваад хэрэглэж хэвшээрэй гэж хэлье. Цаашлаад сурвалжлагчид мэдээлэлтэй байж, хэвлэлийн хурлаар эсэргүүцэл үзүүлэх бус эсэргүүцээд байгаа хүмүүст мэдээллийг нь зөв түгээгээд өгөөсэй, битгий бүтэхгүй тал руу нь дэвэргээсэй гэж хүсэж байна.