Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ш.Энхийн-Од “NBA”-ын драфтад нэрээ өгөөд байгаа билээ.
Ингэснээр тэрээр багуудын бэлтгэлд хамрагдаж, скаутуудад өөрийгөө харуулах боломж бүрдсэн. Тэгвэл мягмар гаригийн байдлаар Ш.Энхийн-Од “NBA”-ын гурван багийн бэлтгэлд хамрагдах урилга хүлээж авчээ.
Тодруулбал, “NBA”-ын 2021 оны аварга “Milwaukee Buck”, 2011оны аварга “Dallas Mavericks” болон “Utah Jazz” багууд түүнийг бэлтгэлдээ хамрагдах урилга өгсөн байна.
Бэлтгэлийн үеэр тэрээр багийн дасгалжуулагчид болон скаутуудад өөрийгөө харуулах бүрэн боломжтой. Багуудын бэлтгэлд хамрагдсаны дараа скаутууд Ш.Энхийн-Одын талаар тайлан гаргаж, бусад багууд ч түүнийг ажиглах боломж бүрдэх юм.
“NBA”-ын 30 баг жилд ердөө 60 шинэ тоглогчийг драфтаар сонгон авдаг. Энэ жилийн драфтын үйл ажиллагаа зургадугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдана.