Хүчирхийлэл хяналтаас гарсан Өмнөд Америкийн Эквадор улсын эрх баригчид Бямба гарагт гэмт хэрэгтнүүдийн гарт орсон шоронгуудаас барьцааны бүх хүмүүсийг суллаж чаджээ.
“Барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж чадлаа” гэж тус улсын ерөнхийлөгч Бямба гарагийн шөнө сошиал хуудсаараа зарласан юм.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэгтнүүд төрийн өмчийн шоронгуудад үймээн дэгдээснээр 158 хуяг, 20 ажилчин тэдэнд барьцаалагдсан байна.
Эквадорын хамгийн том гэмт хэргийн бүлгийн толгойлогч Фито шоронгоос оргосны дараа тус улс даяар хүчирхийллийн давлагаа эхэлсэн юм.
Түүний хаана байгаа нь одоо болтол мэдэгдээгүй байна. Фитог оргосны дараа Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа орон даяар 60 хоногийн онц байдал зарлаж, зэвсэгт хүчнийг нийгмийн аюулгүй байдлыг хангахад дайчилж байв.
Фитог оргосноос хойш нэг долоо хоногийн хугацаанд 1,105 хүнийг баривчилж, таван гэмт хэрэгтнийг устгаснаа Эквадорын засгийн газар зарлажээ. Энэ хугацаанд бас цагдаагийн хоёр албан хаагчаа гэмт хэрэгтнүүдэд алуулсан байна.
Эквадор нь саяхныг хүртэл Латин Америкийн хамгийн амар амгалан оронд тооцогдож байлаа. Гэвч тус улс Мексик, Колумбын картелуудын АНУ, Европ руу хар тамхи гаргах тээврийн зам болсноор аллага, хүчирхийлэл эрс өссөн юм. 2018 оноос хойш тус улсад жил бүр гардаг аллага, хүн амины хэргийн тоо дөрөв дахин өсөөд байна.
Баасан гарагт гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Нобоа улс орноо “narco-state” болгохгүйн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг хэлжээ. Ингэх цорын ганц арга зам нь хатуу тэмцэл гэж тэр үзэж байна.
“Бид зүгээр нэг хүмүүсийг ангуучлах гээгүй. Бид өвч бүрэн зэвсэглэсэн, өндөр зохион байгуулалттай, дотоод болон гадаадын асар их дэмжлэгтэй, бүтэц, зохион байгуулалт нь Эквадорын хилээр хязгаарлагддаггүй хүмүүсийн эсрэг тэмцэж байна” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: The Guardian