Эмч нар нэг өвчтөнд 10 минутаас доошгүй хугацаанд үзлэг хийж, үзлэг дууссаны дараа 300 тэмдэгтэд багтаан тэмдэглэл бичиж даатгалын системд оруулах ёстой гэсэн ЭМДЕГ-ын журам хэрэгжиж эхэлснээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад улам хүндрэлтэй, хүлээлт ихтэй болж байна хэмээн шүүмжлээд буй.
Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодруулахад “ЭМДҮЗ-ийн 8-р тогтоол 2023 оны зургаадугаар сарын 28-нд батлагдаж, наймдугаар сарын 01-нээс үе шаттайгаар мөрдөгдөж эхэлсэн. Энэ тогтоолд багтсан эрүүл мэндийн салбарт цахим карт үүсгэх ажлын эхлэл болгож энэ журмыг 2023 оны 12 сард туршилт хэлбэрээр хэрэгжүүлсэн. Энэ оноос албан ёсоор хэрэгжүүлнэ.
Олон улсад эмч нар нэг өвчтөнийг дунжаар 15 минут үздэг бол манай улсад дунджаар 2-6 минут л үздэг. Тэгэхээр яг чанартай үзэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Нөгөө талаар эмчийн ачаалал хэт их байдгаас шалтгаалж эмч нар богино хугацаанд үзлэг хийхдээ алдаа дутагдал гаргах эрсдэлтэй байдаг тул түүнээс сэргийлэх үүднээс хамгийн багадаа 10 минутын үзлэг хийх журам баталсан. Өөрөөр хэлбэл эмч, өвчтөн аль аль талаа бодсон чанартай тусламж үйлчилгээ хүргэх зорилготой.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн цахим системд тухайн өвчтөн ямар эмчид үзүүлсэн тухай мэдээлэл л хадгалагдаж байгаа. Харин энэ тогтоол хэрэгжсэнээр өвчтөний өвчний түүхийн мэдээллийг цахимаар бүртгэлжүүлж, цаашид өвчтөн карт барьж явах шаардлагагүй болно” хэмээлээ.