Баянзүрх дүүргийн IX хорооны хашааны гудамж дагуу шороон замаар уул өөд өгслөө. Энд тэндээс нохой хуцаж, хүүхдүүд хашаан дотроо тоглоцгооно. “Бүгдээрээ хөөцөлдөж тоглох уу”, “Сүүлд ирсэн нь чоно шүү” гээд бүгд гүйлдэнэ. Энэ бол гэр хорооллын айлуудын энгийн л нэг өдөр. Хажуу хашааны найзуудтайгаа тоглож байгаа бололтой эвтэй тоглож харагдана. Уул өөд өгсөх тусам айлуудын орчин нөхцөл өөр болж байгаа нь анзаарагдав.
Монгол Улс амьжиргааны түвшнээс доогуур, бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгодог болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Тус хорооны уулын энгэрт хоёр тал хашаанд, дөрвөн ханатай гэрийн гаднах бүрээс нь урагдаж, авах юмгүй болтол илжирчээ. Гэрийнх нь гадаа нохой хуцаж, хашаан дотор хүүхдүүд нь тоглож байлаа. Тус айлын эзэгтэйгээс хүнсний талонд хамрагддаг эсэхийг асуухад “Манайх 1-9 насны дөрвөн хүүхэдтэй. Манай нөхөр хар ажил хийдэг. Зарим үед ажилгүй. Миний хувьд одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Хүнсний талон авах хүсэлт хороонд гаргахад хүнсний талон авах хэмжээний ядуу биш байна гэдэг. Уг нь хорооноос ирж судалгаа хийдэг юм гэсэн. Гэтэл манайд нэг ч удаа ирж байгаагүй. Нөхөр нь ажил хийдэг бас хүүхдийн мөнгө авдаг гээд тоодоггүй юм шиг байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр санхүүгийн эх үүсвэргүй байхад амьжиргааны түвшнээс дээгүүр байна гээд хүнсний талоноос хасдаг улс манайхаас өөр байхгүй байх. Хүмүүс халамж хэтэрлээ, хүмүүсийг тэгж даврааж болохгүй гээд л шуугаад байдаг. Гэвч яг үнэндээ тэдгээр хүмүүсийн амьдарч байгаа орчин нөхцөл, эндэхийн амьдралын орчин нөхцөл тэс ондоо. Томчууд нь ирээд үзвэл нөгөө ертөнц шиг л санагдах биз” гэв.
Ядуу хүмүүсийн эрүүл мэндийн байдал илт доройтож өвчлөлд өртөх эрсдэл нь ихэсдэг байна. Ялангуяа халдварт өвчнөөр өвчлөгсдийн дотор эмзэг бүлгийн хүн амын эзлэх хувь жилээс жилд өсөж байгаа аж. Монгол хүний өдөрт хэрэглэх хоол тэжээлийн илчлэгийн зохистой нормыг 2900 калори гэж тогтоосон бол ядуу өрхийн гишүүд өдөрт дунджаар 1784 калори авдаг гэх. Эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны өнөөгийн байдал нь “ядуурал-өлсгөлөн-өвчин” гэсэн гинжин холбоог үүсгэжээ. Ядуу амьдралтай өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэхэд ихээхэн бэрхшээл учирдаг. Ядуурлын улмаас хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл худалдан авч чадахгүй байгаа өрхийн тоо өсөж, хөдөө орон нутагт ядуу өрх хүүхдийнхээ байр, хоолны зардлыг төлж чадахгүй болсон зэрэг нь сургууль завсардалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.
Хүнсний талоноор дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгодоггүй аж.
Улсын хэмжээнд 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Үүгээр дамжуулан 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм. Тус талоноор мах, сүү, гурил, элсэн чихэр, цөцгийн тос, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус хүнсний бүтээгдэхүүнийг авах боломжтой аж.
Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Тэгвэл дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор сар бүр насанд хүрсэн хүнд олгодог байсан 16 мянган төгрөгийг 32 мянга, хүүхдэд олгодог байсан 8000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 16 мянган төгрөг болгон тус бүр хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан.
Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гаргасан өрх хүнсний талон авдаг байна.
Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн “Хүнсний талоноор хүссэн бараагаа авдаггүй. Цаанаасаа заагдсан хэдэн төрлийн бараанаас л сонгон авах боломжтой байдаг. Давс хүртэл тансаг хэрэглээ гээд авах боломжгүй. Бас ахуйн хэрэглээний бараа авах боломжгүй. Манайх ам бүл тавуулаа амьдардаг. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй. Талоны бараанаас гадна хэрэглээний мөнгөө арай гэж л олдог. Хашааны түрээс, тогийн мөнгө гээд илүү гарах юм байхгүй” гэлээ. Тус дүүргийн иргэд хүнсний талон аваад ч амьдралд нь хүрдэггүй талаар ярьж байлаа.
Харин Баянгол дүүргийн хувьд хүнсний талон авдаг айл өрх цөөн гэх. Тус дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс тус хороонд хүнсний талон авдаг хэчнээн өрх байдаг талаар тодруулахад “Тодорхой тоо баримтыг шууд хэлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн юм. Тэрбээр “Манай хороонд 200 гаруй өрх бий. Хүн амын хувьд цөөн учраас бусад хороодыг бодвол амьжиргааны түвшнээс доогуур өрх цөөн. Манай хорооны зүгээс амьжиргааны түвшнээс доогуур өрхүүдэд халамж олгохоосоо илүүтэй, хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгохын төлөө ажилдаг. Тэгснээр эдгээр өрхүүд маань өөрсдөө амьжиргаагаа аваад явах боломжтой болж байгаа юм” гэлээ.
Хүнсний талоноор үйлчилгээ үзүүлдэг хүнсний дэлгүүрийг зорилоо. “Алтан хайрхан” хүнсний дэлгүүрийн худалдагч С.Жаргал “ Манай дэлгүүр жагсаалтад багтсан бүтээгдэхүүнээс хүссэн хүнсээ авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгодог. Архи, тамхи олгодоггүй. Яг л зорилтот хүмүүс нь ирээд хэрэгцээт хүнсээ аваад гардаг гэж хардаг. Үхрийн мах авах хүн бараг л байхгүй. Юмны үнэ өсөөд иргэдийн худалдан авалт ч хэцүүхэн болж байх шиг байна. Аль болох л боломжит хүнсийг нь олон төрлөөр өгөхийг л зорьдог” гэлээ.
Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүнсний талоноор үйлчилж буй дэлгүүрийн сарын тайланг, иргэдийн авсан барааны хэвлэгдсэн талонтой хавсарган авч, хянаж шалгадаг байна. Иргэдийн дунд ижил амьжиргааны түвшний айл хүнсний талоноор хэд хоногийн хоол хүнсээ аргалж байхад, зарим нь хоосон хонох тохиолдол ч байна. Мөн хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй өрх толгойлсон ээжүүд ч гэр хорооллоор нэг байсаар байна.