Хүнсний инженер О.Гал-Очир нийтийн өргөдөл, гомдлын цахим системд “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн хоолны төсөв нэмэх тухай” хуулийн төсөл санаачлах өргөдлийг одоогоос сарын өмнө буюу 11 сарын 23-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийн хүчинтэй хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч санал тал хувьдаа ч хүрсэнгүй.
Тодруулбал хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй О.Гал-Очир 60 гаруй сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн судалгаандаа үндэслэн үдийн хоолны одоогийн төсөв 2475 төгрөгийг нэмэх, боломжгүй бол эцэг эхчүүдээс тодорхой хэмжээний нэмэгдэл хураадаг болох, мөн үдийн хоол хөтөлбөрт бүх сурагчийг тэгш хамруулах хүсэлтээ илэрхийлж тус өргөдлийг гаргасан. Түүний саналыг 100 мянган хүн дэмжсэн бол УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой байсан ч эцэг эхчүүд ярьсан шигээ дэмжсэнгүй.
Энэ талаар О.Гал-Очир “Энэ найдваргүй боллоо доо. Сарын хугацаанд 45 мянган санал. Уг нь 1,200,000 хүүхдийн эцэг эх байгаа. Энэ хугацаанд зөвхөн группээсээ гадна телевиз, сайтуудад яриа мэдээлэл өглөө. Хамгийн олон дагагчтай инфлүүнсерүүд ч түгээлээ. Дээрдэх болов уу гээд мөнгө ч амлаж үзлээ. Түгээсэн сайхан сэтгэлт хүмүүс ч хувиасаа мөнгө амаллаа. Даанч болсонгүй. Эндээс юу харагдаж байна гээч. Хүүхдийн идэж буй хоолонд санаа тавихгүй байгаа хүмүүс боловсрол, сургууль цэцэрлэгийн байрны хүртээмж, багшийн цалин хангамж гэх мэтэд хэзээ ч санаа тавихгүй. Тавьж дуугарахгүй тул улстөрчид ч тоохгүй” хэмээн цахим хаягтаа бичжээ.
Эцэг эхчүүд үдийн цайны чанар, хүртээмж муу байгааг ихээр шүүмжилсэн ч, саналаа өгч идэвхтэй оролцсон нь ийн ховор байна. Өөрсдөөс нь нэмэлт мөнгө хураах нь гэсэндээ дэмжсэнгүй юу, эсвэл бүр тоосонгүй юу. Өргөдлийг санаачлагч аргаа барахдаа санал өгсөн эцэг эхчүүдийн дунд бэлэн мөнгөний хонжворт сугалаа явуулна гэж ч үзсэн. Гэсэн ч үр дүнд хүрэлгүй өнөөдөр ийнхүү санал хаагдаж байна.