2023 оны 4 сар Шанхай хот. Томоохон авто шоунуудын нэг болох “Шанхай Авто Шоу 2023” эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон жилийн туршлагатай томоохон автомашин бүтээгчид өөрсдийн “дараагийн гайхамшгийг” танилцуулах цаг үе. Тухайн арга хэмжээний үеэр нийт гадаад дотоодын 900,000 хүн ирж, инженерчлэлийн гайхамшиг болсон шинэхэн 150+ машинтай танилцсан юм.
Автомашины зах зээлд эзлэх хувиараа, онолт амжилтаараа үргэлж аваргалдаг байсан томоохон герман брэндүүд гэвч энэ удаа арга хэмжээний “гол дүр” байж чадсангүй. Volkswagen ID7, Maybach EQ гэх мэт инженерчлэл, загварчлалын төгс хослол болсон гайхалтай хүлгүүдийн сүр юунд дарагдсан бэ гэдэг нь хачирхалтай. Учир нь энэ удаа “эзэн орны тамирчид” нэг биш нэлээд хэд шат ахисан гэдгээ харуулж чадсан юм. Хятадын томоохон цахилгаан машин үйлдвэрлэгчид болох Nio, BYD, Polestar нар технологийн “үсрэлтээрээ” арга хэмжээний гол дүрүүд байсан юм. Тэгвэл яаж богино хугацаанд Хятадын машин үйлдвэрлэгчид өрсөлдөөний заагийг багасгасан юм бол? Үүнийг мэдэхийн тулд өнгөрсөн рүү явцгаая.
2015 он. Герман машинууд дэлхийн болон Хятадын дотоодын зах зээлийг ноёрхсоор байсан үе. Уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй хятад машинууд зах зээл дээр гараад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч технологи, инновацаараа герман өрсөлдөгчдийнхөө анхааралд өртөмгүй жижиг байв. Нөгөө талаасаа Volkswagen, BMW, Mercedes-Benz гэх мэт герман машин бүтээгчид орлогынхоо томоохон хэсгийг хятадаас олдог байсан үе.
ЮУ БОЛОВ?
Өрсөлдөөнийг тэнцвэржүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр хятадын төрийн оролцоо нэмэгдэв. Үүний тулд тэд цоо шинэ үйлдвэрлэлийн бодлогыг санаачилсан бөгөөд зах зээлд шууд нөлөөлж эхэлсэн юм. Тус бодлогод гаднын томоохон үйлдвэрлэгчдийг хятадын газар нутаг дээр үйлдвэрлэл явуулах тохиолдолд эзэн орны үйлдвэрлэгч нартай хамтран бүтээх шаардлагыг тавьсан байна. Ингэснээр олон арван жил төгөлдөржүүлж, хуримтлуулж ирсэн туршлагаа хятадын автомашин бүтээгч нартай хуваалцахаас өөр аргагүй болж технологио нутагшуулж эхэлжээ.
Энэ үед тэдний олж харж чадсан өөр нэг “ирээдүй” нь цахилгаан машин байсан юм. Томоохон дотоодын үйлдвэрлэгч нарт улсаас урт хугацаатай, хүү багатай зээлүүдийг олгож, цахилгаан машиныг хаана ч унахад тохирох дэд бүтцийг улс орон даяар хөгжүүлэв. Ингэснээр цахилгаан машины эдийн засгийн орчин сайжирч, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн юм.
2018 он. Германы машин бүтээгчид хятадын дотоод зах зээлийг ноёрхсоор. Гэвч хятад машин бүтээгчид хэдийнээ зөв голдиролд орсон байлаа. Өдөр тутамдаа унах зориулалттай бүтэн цахилгаан машин дэлхий ертөнцөд хөл дөнгөж тавьж байх үед хятад машин бүтээгчид герман өрсөлдөгч нараасаа урьтаж цахилгаан машины хөгжүүлэлтэд асар их хөрөнгө, цаг хугацаа зарж байв.
ТЕСЛАГИЙН НӨЛӨӨ
2019 он. Илон Маск Теслагийн үйлдвэрийн нээлтээ Шанхай хотод хийсэн нь дотоодын машин үйлдвэрлэгч нарт эрсдэл, эрсдэлээсээ том сорилт, боломж болон гарч ирсэн юм. Теслагийн машинууд бүтэн цахилгаан машины зах зээлд ирээдүйн ноёрхогч гэдгээ ухаалаг жолоодлогын технологи, минимал загвар, тог зарцуулалт, хурд авалт зэргээрээ “зарлаж” байв. Хятадын зах зээл дээр ч ам сайтай байсан Теслагийн машинууд ирээдүйд гарах хятад цахилгаан машинуудад ч шинэ үйлдвэрлэлийн стандарт тогтоож өгсөн байна. Илон Маск 2012 онд өгсөн ярилцлагадаа хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч BYD -г “тохуурхан” “Тэдний бүтээсэн машиныг харсан уу? Би тэднийг өрсөлдөгч гэж бодохгүй байна” хэмээж байсан нь хэдхэн жилийн дараа түүний толгойн дээр “унасан” юм.
EV ӨРСӨЛДӨӨН БА ХЯТАД
2023 онд эргэн ирье. Хятад дахь гадаадын машин үйлдвэрлэгч дундаас хамгийн том зах зээлийг эзэгнэдэг байсан Volkswagen 35’000$ -р зарагддаг бүтэн цахилгаан машинаа зөвхөн Хятадын зах зээл дээр 17’000$ -оор зарж эхлэв. Яагаад вэ гэж үү? Өрсөлдөөнд үлдэхийн тулд. Учир нь тавхан жилийн дотор дотоодын машин үйлдвэрлэгч нар дэлхийн цахилгаан машины зах зээлийг ноёрхдог болсон байв. Хэдхэн жилийн өмнө Теслагийн стандартыг нутагшуулж байсан үйлдвэрлэгчид өөрсдөө зах зээл, чанарыг стандартыг тогтоож шилдэг герман машины инженер, дизайнеруудыг багтаа элсүүлжээ. Теслаг ч борлуулалтаараа гүйцэв.
Тэгвэл авто салбарын “ирээдүй” гэгдэж буй EV машины салбарыг хятадууд хэрхэн “эзэгнэв”? Зөвхөн барууны инженерүүдийн “бэлэн” мэдлэг засгийн газрын хүчтэй нөлөөгөөр өдий зэрэгт хүрсэн гэж хэлж болохгүй юм. Учир нь EV машины хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг болох батарейн технологийг хятадын дотоодын машин үйлдвэрлэгчид сүүлийн хэдэн арван жил хөгжүүлэн төгөлдөржүүлж иржээ. Үүний хамгийн том жишээ бол хятадын авто үйлдвэрлэгч BYD брэнд.
Та бүтэн сар цэнэгээ барьдаг хэмээн “ёжлуулдаг” Нокиа брэндийн утсыг сайн мэдэх байх. Уг наргиа нь мэдээж үнэний ортой. Тэгвэл тус гар утаснуудын удаан цэнэгээ барьдаг батарейг хятад компани үйлдвэрлэдэг байсныг мэдэх үү? Тийм ээ BYD нь хамгийн анх батарей үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр 1995 онд байгуулагдаж хожим 2003 онд EV хөгжүүлэлтийг эхлүүлсэн байна. Суурь батарей хөгжүүлэлтийн арвин туршлага + EV хөгжүүлсэн 20+ жилийн туршлага нь тэднийг EV салбарт барууны өрсөлдөгчдийнх нь “урд” аваачжээ. Энэ хугацаанд BYD авто салбарын “шаркууд” болох Тесла, Daimler компаниудтай хэд хэдэн төсөл дээр хамтарсан бол Тоёотатай ирээдүйн цахилгаан машинуудад байрших Натри суурьтай батарей хөгжүүлэлт дээр хамтрах гэрээг зурж амжив.
Хэрэв та BYD -ийн машиныг өөрийн биеэр унаж үзвэл дэлхийн хэмжээний өрсөлдөөнд тунаж үлдээд байгааг тийм ч их гайхахгүй. Учир нь тэдний цахилгаан машин дан ган эко сонголт биш тав тух, загварлаг байдлаараа ч таны “хайрыг татна”.
Та BYD -г унаж үзэн, худалдан авахыг хүсвэл Монгол дахь албан ёсны дилер болох MSM Automotive -с авах боломжтой юм. Албан ёсны дилерээс худалдан авснаар 8 жилийн засвар үйлчилгээний баталгаа, AC Wall changer гаражиндаа суурилуулж авахаас гадна DC Fast Charger -аар 3 жил үнэгүй цэнэглэх эрх гэх мэт олон давуу талтай.
ИРЭЭДҮЙД?
Хэдийгээр бүтэн цахилгаан автомашины зах зээл уламжлалт хөдөлгүүртэй автомашины зах зээлийг бодвол шинэ, харьцангуй жижиг байгаа ч ирээдүйд энэ нь өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм. Ногоон ирээдүйг эрэлхийлсэн олон улсын байгууллага, нийгэмлэгүүд уламжлалт хөдөлгүүртэй машиныг ирэх хэдэн арванд бүрэн халж, утаа ялгаруулалтгүй автомашиныг ирээдүй хэмээн үзэж байна.
Дотоод шаталтат хөдөлгүүртэй барууны машинууд хятадыг эзэлж байсан бол одоо нөхцөл байдал эсрэгээр эргэж барууны технологиор “зэвсэглэсэн” бүрэн цахилгаан хятад цахилгаан автомашинууд европыг “эзлэхээр” зэхэж байна.