Улаанбаатар хотын явган хүний болон дугуйн замын засвар өргөтгөлийн талаар өнөөдөр /2023.06.23/ мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа
-Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зас, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр ажиллаж байна. Үүнээс 12 байршлын буюу 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан. 10 байршлын 10904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн гурван байршлын ажил удахгүй эхэлнэ.
Явган хүний замыг засварлах, өргөтгөхдөө сургуулийн орчин, гол магистрал замууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд иргэдэд зориулсан налууг гаргаж байна.с
Гэр хорооллын бүсэд хийх 16 цэцэрлэгт хүрээлэнгийн 12 цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлсэн.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам, талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлагыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулсан.
Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээн авч, хэлэлцэх ажлын жагсаалтын дагуу хуралд хэлэлцүүлж байна. Авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх 58 асуудал, орц гарц гаргах 68, нийт 126 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс сэтлэх сүвлэх 31, орц гарцын 13 зөвшөөрлийг олгохоор болсон.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн
“ Хүн төвтэй гудамж бий болгох, машины эргэлтгүй зогсоолыг явган зам болгох, сургууль цэцэрлэгийн орчин дахь замын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жил сургууль орчмын байршилд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна. Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ерөнхийдөө явган болон дугуйн замын засварын ажлыг долоодугаар сарын дундуур гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн засвар, өргөтгөлийн ажлыг хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа. Эхний ээлжид хамгийн эрчим ихтэй байршлуудын рамп буулгана” гэлээ.