НЭМЭЛТ 13:30
Газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нас барсан хүний тоо 30 болоод байна. Японы албаныхны мэдээлснээр, хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байна. Хохирогчдын олонх нь модон байшин нь нурснаас дарагдсан өндөр настай хүмүүс байна. Түүнчлэн нурангид дарагдсан байж болзошгүй гэж үзэж буй 14 хүнийг эрэн хайсаар байгаа аж.
Онцгой байдлын аврагчдаас гадна цэргийнхэн аврах, эрэн хайх ажиллагаанд нэгдэж, гамшгийн бүсэд байшин бүрээр орж, нурангид дарагдсан оршин суугч байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл хүчтэй байгаа учраас аврах ажиллагаа удаашралтай байгааг мэдээлжээ. Түүнчлэн нэмэлт чичирхийлэл нь хохирлыг нэмэгдүүлж байна. Газар хөдлөлтийн голомтоос 20 миллийн зайтай орших Важимад долоон давхар орон сууцны барилга нуржээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас гарсан галд 200 орчим байшин, дэлгүүр шатсан байна.
Газар хөдлөлтийн бүсээс 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд цунамийн аюулын түвшин буурсан ч айж сандарсан оршин суугчид гэртээ харихаас зайлсхийж байгаа аж.
Японы Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо найм болжээ. Мөн Тояама, Нийгата зэрэг дөрвөн мужид олон арван хүн шархадсан байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 16 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд хамгийн өндөр цунами Ишикава мужийн Важима хотод ажиглагджээ. Тодруулбал, Важима хотод цунамийн давалгаа 120 см хүрсэн байна.
Газар хөдлөлтийн дараа гал гарсны улмаас эргийн Важима хотод 100 гаруй дэлгүүр, байшин шатжээ. Зарим газарт одоо ч гал бүрэн унтраагүй байна.
Цунамийн аюулын түвшингээс хамаарч “өндөр түвшний”, “энгийн”, “зөвлөмж” гэсэн гурван янзын сэрэмжлүүлэг зарладаг. Газар хөдлөлтийн дараа “өндөр түвшний” сэрэмжлүүлгийг хэсэгчлэн зарласан байсан. Тэгвэл өнөө өглөө Япон тэнгистэй хиллэх далайн эрэг дагуу “зөвлөмж” буюу гуравдугаар шатны сэрэмжлүүлгийг цуцалжээ.
Японы төвийн Тояама, Каназава хотуудын хооронд дөрвөн суман галт тэрэг гацсан байсан. Галт тэрэгнүүд 11 цаг гаруй гацсаны эцэст өнөө өглөө зорьсон газартаа хүрчээ. Бараг 1400 зорчигч эдгээр галт тэргэнд гацсан байжээ.
Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33 мянган өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогсчээ. Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. Элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргажээ.
Эх сурвалж: CNN, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам