Японы баруун нутгийн Осака хотод тус улсын анхны казиног байгуулах төлөвлөгөөг Засгийн газар нь өнөөдөр хэлэлцэж баталжээ. Ингэснээр дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон цогцолбор байгуулах эхлэл тавигдаж байна.
Коронавирусийн цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсаны дараа зарим орон нутгийн засаг захиргаанаас томоохон зочид буудал, хурлын танхим, тоглоомын газруудтай амралтын цогцолбор газар байгуулах зэргээр жуулчдыг татах аргаа шинэчлэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн байна.
Осакагийн булан дахь “Yumeshima” хиймэл арал дээр баригдах уг амралтын цогцолборыг эрх баригчид 2029 оны сүүлийн хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
АНУ-ын “MGM Resorts International” болон Японы “Orix” корпорацтай хамтран байгуулах тус амралтын газар нь жилд 20 орчим сая жуулчныг татаж, Японы баруун бүс нутагт жил бүр 1.14 их наяд иенийн (8.5 тэрбум ам.доллар) эдийн засгийн үр ашиг авчрах төлөвтэй байна.
2018 онд гурав хүртэлх ийм амралтын цогцолбор байгуулахыг зөвшөөрсөн хууль батлагдсан боловч казиногоор дамжуулан эдийн засгийг эрчимжүүлэх уг төлөвлөгөө нь мөрийтэй тоглоомын сөрөг нөлөөний талаар санаа зовнисон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.
Үүнээс гадна, цар тахлын үеэр гарсан процедурын саатал, гадаадын оператор компаниуд гарсны улмаас болон казиног хуульчлахыг дэмжсэн гишүүн 2019 онд баривчлагдахад хүргэсэн авлигын дуулианы улмаас удааширсан байна.
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/.