Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийлээ.
Энэ хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргалаа.
Иймд дээрх заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.