Үндэсний их баяр наадмын “Нээлт, хаалт”, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зарлажээ.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн байх ёстой аж.
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд зохиолоо битүүмжлэн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн 605 тоотод хүлээлгэн өгөх юм байна. Уралдааны удирдамжийг shorturl.lol/joo8 линкээс үзэх боломжтой.