Парисын Их Дуулгын үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ноос шилдэг жүдочдыг шагналаа. Энэ шагналыг тус холбооны цахим хуудсаар үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдоч, дасгалжуулагч, өсөж яваа од, оны шилдэг иппон зэрэг найман шагнал гардууллаа.
Бүтэн сарын турш жүдо сонирхогчдоос санал асуулга явуулсны эцэст ялагчийг нь тодруулав.
Хүүхдийн төлөө үйлс
Бага насны сургуулийн хөтөлбөрт жүдо заах болсныг нь үнэлж Ливаны жүдо бөхийн холбоог шагнав.
Жүдо – Энх тайван
Дүрвэгчдийн багт энэ шагналыг олгов. Тус баг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон жүдогийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцсон билээ.
Шилдэг агшин
Финландын жүдоч Марти Пуумалайнен Мастерсын аварга болсон агшныг сонирхогчид онцолжээ.
Шилдэг дасгалжуулагч
Жүдо төдийлөн хөгжөөгүй Финландын багийн амжилт эрс сайжирсан нь тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Рок Драксичтай салшгүй холбоотой.
Өсөх ирээдүйтэй тамирчин
Залуучуудын дэлхийн аварга Дота Арайг ирээдүйтэй тамирчнаар тодрууллаа.
Шилдэг эмэгтэй жүдоч
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Үта Абэ хоёр дахь жилээ дараалан оны шилдэг эмэгтэй жүдоч боллоо. 2019 оноос хойш дэвжээнд ялагдаж үзээгүй яваа 23 настай жүдоч Парисын Их Дуулгад оролцоогүй. Тэрбээр шагналынхаа үеэр видео бичлэг илгээж баярлаж байгаагаа илэрхийлсэн.
Шилдэг эрэгтэй жүдоч
Дэлхийн хошой аварга болсон Гүржийн Тато Григалашвили хоёр дахь удаагаа шилдэг жүдочоор сонгогдлоо.
Шилдэг иппон
Туркийн Хасрэт Бозкурт өнгөрсөн жилийн ДАШТ-д Бразилын Рафаэла Сильваг ялсан барилдааныг шилдгээр нэрлэв.
Эх сурвалж: IJF