Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл нийслэл Сөүл хотын нийтийн тээврийг эрс сайжруулах төлөвлөгөөг танилцуулжээ.
Сөүл хотын оршин суугчдын амьдрах орчин нөхцөлийн талаар үргэлжилж буй засгийн газар ба олон нийтийн цуврал хэлэлцүүлгийн зургаа дахь арга хэмжээнд оролцохдоо тэр үүнийг танилцуулсан байна.
Арга хэмжээнд 100 гаруй хүн оролцсоны 50 нь иргэдийн төлөөлөл байсан бол бусад нь хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төрийн албан тушаалтнууд байжээ.
“Үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын буруу бодлого нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг хотын зах руу нүүхэд хүргэсэн. Үүнийг дагаад нийтийн тээврийн зохих дэд бүтцийг бий болгож чадаагүйн улмаас ард иргэд маш их хохирол амсаж байна” гэж Юн Сүк Ёл энэ үеэр хэлсэн юм.
Ингээд тэр ойрын жилүүдэд төмөр зам, метроны сүлжээг өргөтгөж, автобусны тоо, шинэ чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөснөө танилцуулжээ.
Үүний үр дүнд Сөүл хотын аль ч захаас төв хүртэл 30 минутын дотор хүрдэг болгохоо амласан байна.
“Төлөвлөгдсөн бүх шугам ашиглалтад орсны дараа Сөүл хотын захаас төв хүртэл зорчих хугацаа хамгийн уртдаа 30 минут болж буурна” гэж тэр хэлжээ.
Юн Сүк Ёл бас 180 км/цаг хүртэл хурдтай төмөр замын сүлжээг Бусан, Улсан хотууд болон бусад бүс нутгийн төвүүдэд хүргэн өргөжүүлэхээ амласан байна.
Сөүл хотыг тойрон хүрээлсэн жижиг хотуудтай холбосон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулахад нийтдээ 11 их наяд воны ($8.2 тэрбум) хөрөнгө зарцуулахаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News