Өмнөд Солонгос нь хойд хил орчмын хуучирсан системийг сольж, аюул заналхийллийг илүү сайн илрүүлэх зорилгоор фронтын зарим заставуудад хиймэл оюун ухаан (AI)-аар ажилладаг тандалтын технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын зэвсгийн агентлаг мэдэгдэв.
Батлан хамгаалахын хөтөлбөрийн захиргаанаас мэдээлснээр, сайжруулсан хяналтын чадавхи бүхий шинэ системийг зүүн фронтын ерөнхий заставууд болон эрэг орчмын хэсгүүдэд энэ оны эцэс гэхэд нэвтрүүлнэ. Зүүн фронтын ерөнхий заставууд нь хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсийн өмнөд захад байрладаг цэргийн постууд юм.
Энэхүү систем нь хүн, амьтныг илрүүлэх хиймэл оюун ухааны шинжилгээний технологийг ашигладаг. Цаг агаарын хүнд нөхцөлд хяналт тавих чадварыг сайжруулах дулааны хараа, богино долгионы хэт улаан туяаны технологиор тоноглогдсон байна.
Батлан хамгаалахын хөтөлбөрийн захиргаанаас энэхүү систем нь хуурамч дохиололыг багасгах замаар фронтын цэргүүдийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулна гэж найдаж байна гэж мэдэгдэв. Тус агентлаг уг төслийг 2022 онд эхлүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамгаалалтын “S-1” компанитай гэрээ байгуулжээ. “(Бид) хиймэл оюун ухааны хамгаалалтын системийг нэвтрүүлэх ажлыг түргэсгэж, бэлэн байдлыг оновчтой болгохын тулд харуул хамгаалалтын ажиллагаанд идэвхтэй ашиглах болно” гэж Армийн хуурай замын командлалын дарга генерал Сон-сик хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: THE YONHAP