Эмийн эртний судраас шинээр нээсэн үсэг
Найман тойн Жамбалдорж XIII жарны усан хулгана жил, 1792 онд Найман хошууны есдүгээр засаг төрийн дархан ван, Чингис хааны угсаа болох Балчогийн хоёрдугаар хөвгүүн болж төржээ. Тэрбээр буддын шашины их 5 ухаанд нэвтэрсэн, монгол, манж, хятад, төвөд хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хоёр боть сүмбум зохиолыг тойн Ишдондовдамбийжалцан хэмээх сахилын нэрээрээ Төвөдөд модон бараар хэвлүүлжээ. Эдгээр ном судрын дотор эрдэс, ургамал, амьтны гаралтай эмийн зураг, хануур, хатгуур, төөнүүрийн багаж, сүвийн байрлалыг үзүүлсэн тэг зураг, “Язгуурын үндэс”-ийн модны зураг сэлтийг багтаасан ”Хиргүй болор эрхт өгүүлсэн эмийн түнбэ гайхамшигт үзэсгэлэнт нүдний чимэг” (Бага үзэсгэлэнт нүдэн чимэг) гэсэн ном буй. Уг номонд үл мэдэх үсгээр бичсэн 4 мөрт байдаг. Энэ бичвэрийн үсгийг сайтар шинжилж үзвээс номын ихэс дээдэс хоорондоо харилцдаг, нийтэд хүртээл болгоогүй зөвхөн өөрсдөө мэддэг кодолсон үсгүүд гэсэн таамаглал дэвшүүлж болохоор байв. Гэхдээ үсгийн тэгүүд дан бөөрөнхий өвөрмөц боловч дуудлага нь төвөд үсгийн дуудлагатай тохирч байна. Богино, босоо зураас нь үг, үе тусгаарлах цэг, гийгүүлэгчийн дээрх тэмдэгтүүд нь төвөд хэлний эгшиг болно.
Тойн Жамбалдоржийн “Бага үзэсгэлэнт нүдэн чимэг” ном доторх
үл мэдэх үсгээр бичсэн 4 мөрт, түүний латин галиг
Тойн Жамбалдоржийн “Бага үзэсгэлэнт нүдэн чимэг” ном доторх 4 мөрт шүлгийг төвөд үсгийн латин галигт дараах байдлаар буулган дараа нь уг 4 мөрт шүлгийг төвөдөөс монгол хэлээр утгачилан орчуулав. Үүнд:
bu ram shing kun snyin po ci yang med (Бурмын мод бүгдэд шим огт үгүй)
dga’ bar bya ba’i ro ni nang na ‘dug (Баясгалант амт нь дотор талд буй)
shun pa zos pa’i mis ni bur ma ro (Хальсыг нь идсэн хүмүүн бээр)
zhim po rnyed par nus pa ma yin no (Бурмын сайн амтыг нь олж чадахгүй)
Уг 4 мөртийн гол санаа нь уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эмт бодис болох бурмын мод бүхэн шимтэй, ашигтай байдаггүй. Мод модны дундаас бурмын мод хамгийн шимтэй гэдэг нь эргэлзээтэй юм. Хамгийн чухал амт нь дотор талдаа буй. Өөрөөр хэлбэл амтын чадал нь дотроо оршино. Хальсыг идсэн хүмүүнд амт үгүй гэдэг нь хальсанд нь амтын чадал үгүй. Амтын чадал үгүй бол эмийн үйлдэл гарахгүй. Тиймээс сайн амт буюу амтын чадал байхгүй бол гэмийг эмчилж чадахгүй болно гэсэн санаа юм. Монголын уламжлалт анагаах ухаанд эмийн чадалд амтын чадал, мөн чанарын чадал лугаа хоёр буй. Үүнийг бас жирийн, ялгавартай гэж хоёр хуваадаг. Юуны өмнө амт, чадал, эрдэм, гурвыг сайтар танин мэдэх хэрэгтэй байдаг хэмээн судалгааны өмнөх өгүүлэлдээ бичсэн (Ш.Болд 2023). Ингэж бичсэний учир нь дээрх 4 мөрт бурмын модны зургийн хажууд байсан бөгөөд бурмын амтын чадлыг далд утгаар, өвөрмөц үсгээр илэрхийлжээ гэж үзсэнийх юм. Гэтэл энэ 4 мөрт Зонхов богд Лувсандагвын “Их бодь мөрийн зэрэг” номын “Зургаан хур мэдлийг шүтэх” хэсэгт байгаа “Үлэмж сэтгэлийн шаардлага судар”-ын эшлэлд буйг олж тогтоов. Энэхүү дөрвөн мөртийг Зонхов богд “Их бодь мөрийн зэрэг” номондоо эшлэл авахдаа аливаа зүйлийн мөн чанар гадна өнгөндөө бус дотор талдаа байдаг. Өөрийн нүүрэнд, гадна талд буй хир толбыг толинд хараад арилгачихаад сайхан болдог юм биш ээ. Харин сэтгэл дотор байгаа хирийг номын толинд харж миний сэтгэл ийм гэдгээ сая таньж шаналж эхэлнэ. Ингээд сэтгэлийн саар муугаа засч, ном эрдэмд шамдан суралцдаг гэсэн санааг гаргажээ. Харин тойн Жамбалдоржийн “Бага үзэсгэлэнт нүдэн чимэг” номондоо энэхүү 4 мөртийг бурмын модны хажууд бөөрөнхий хэлбэртэй сонин дүрс бүхий үсгээр бурмын модны ам, чадалтай уялдуулан бичжээ. Энэхүү үсгийг Төвөд анагаах ухааны “Арүр” цувралын 065 дугаарт: ma yig tu tshig rgang gnyis mi gsal гэж бичсэн нь буй. Үүнийг монголоор орчуулбал: “Эх бичмэлдээ үгийн төрх байдал нь өт хорхой мэт хослон тодорхойгүй” гэсэн утга илэрхийлнэ. Тиймээс төвөд эмч нар энэ үсгийн талаар ямар нэгэн ойлголт, мэдээлэлгүй гэдэг нь харагдаж байна. Үсгийн гадна хэлбэрийг нь хараад өт хорхой, зараа мэт арзайсан тодорхойгүй зүйл гэжээ. Гэвч энэ үсгийг Өндөр гэгээн Занабазар төвөд хэлбичгийн дүрэмд үндэслэн шинээр зохиосон ажгуу.
- Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Толгой үсэг”
Бид судалгааны явцад бөөрөнхий хэлбэртэй сонин дүрс бүхий үсгийн гарал үүсэл, хэлбэр дүрсийн тухай мэдээллийг өөрийн улсаас гадна цахим орчинд гадаад орны хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээс төрөл бүрийн аргаар хайж эхэлсэн. Ялангуяа Omniglot, the online encyclopedia of writing systema and language гэдэг интернэтэд суурилсан нэвтэрхий толь, гол эрхлэгч Simon Ager-т хандаж гишүүдэд нь нээлттэй мэдээлэл, үсгийн зургийг явуулж хэлэлцүүлсэн. Үүний үр дүнд олон сонирхолтой санал ирсэн ч тодорхой, баттай баримт олдохгүй байлаа. Үүний зэрэгцээ Мон үсэг (Mon script)-ээр бичсэн Буддын шашны Teравада (Бага хөлгөн) урсгалын олон зуун судар номуудын үсэгтэй харьцуулж үзсэн. Тухайлбал Мьянмар улсын Мандалай дахь Кутодав сүмд хадгалагдаж буй Мон-Бирми үсгээр бичсэн Буддын шашны “Гурван аймаг савын ном”-ын нэгэн хуудастай харьцуулахад харьцангуй төстэй байлаа. Мон-Бирми үсэг нь Өмнөд Энэтхэгийн Паллава үсгээс (Pallava script or Pallava Grantha) гаралтай бөгөөд энэхүү брахми үсэг нь 4 дүгээр зуунаас Өмнөд Энэтхэгийн Паллава гүрний нэрээр Паллава үсэг гэж нэрлэгдсэн. Зүүн Өмнөд Азийн орнуудад ихэд дэлгэрсэн байдаг. Мон-Бирми үсэг нь Зүүн өмнөд Азийн худалдааны замаар дамжин Монголд орж ирэх боломжтой юм хэмээн тэмдэглэсэн (Ш.Болд 2023). Гэхдээ энэ санаа нь батлагдсан үр дүн бус таамаглал (hypothesis) байлаа. Гэтэл манай судалгааны багийн гишүүн, профессор Д.Шагдарсүрэн, дэд профессор Б.Гэрэлмаа нар Урлахуй ухааны нэрт зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат (Ph.D) өөрийн шавь, “Соёмбо Зоёди” Урлах ухааны төвийн тэргүүн Л.Отгонбаатарт энэхүү үсгийн цагаан толгойг уламжлуулан өгч, Өндөр гэгээнтэний зохиосон үсэг болохыг онцлон захисныг олж мэдэн, учир байдлаа ярилцаж энэхүү сонин сайхан үсгийн цагаан толгойг олж авсан. Ингээд бидний хамтын судалгаа эхэлж, улам өргөжсөн юм.
Энэхүү цагаан толгойн гарчиг нь:
Монголоор орчуулбал: “Толгой үсэг нарны илчит гэрэл, хумх үсэг хэмээх оршивой” гэсэн утгатай гарчиг болно. 30 гийгүүлэгч, 4 эгшигтэй, төвөд хэл зүйн дүрэмд захирагдан түүний зүй тогтлын дагуу хэрэглэгдэнэ. Зохиогдсон он цаг нь тодорхойгүй ч соёмбо болон хэвтээ дөрвөлжин үсэг зохиосон цаг хугацааны дараа гэхдээ их холгүй ойролцоо болов уу. Ийм таамаглал дэвшүүлэх үндэслэлтэй юм. Учир нь Өндөр гэгээнтэн Энэтхэгийн бичиг үсэг “Ланз” дээр үндэслэн, Төвөдийн Пагва ламын “Дөрвөлжин үсэг” дээр тулгуурлан 1686 онд “Соёмбо” үсгээ зохиосон. Шинэ үсэг нь санскрит, төвөд, монгол гэсэн 3 хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан хэмээдэг. Соёмбо бичгээс гадна тэрбээр төвөд хийгээд дөрвөлжин бичгийн хэлбэр дүрст шүтэн зохицуулж хэвтээ дөрвөлжин бичиг зохиожээ. Энэ үсгийн талаар академич Б.Ринчен 1952 онд энэхүү “оньсого” болсон үсгийн тухай анх нийтийн сонорт хүргэж соёмбо үсэгтэй нэгэн дор Өндөр гэгээнтэн зохиосон хэмээн тодруулан гаргасан байна. Хэвтээ дөрвөлжин үсэг нь өргөн хүрээг хамарч, дэлгэр хэрэглэгдэээгүй ч монголчуудын бичиг үсгийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Өндөр гэгээнтэний өөрийн нэрлэснээр “Толгой үсэг нарны илчит гэрэл, хумх үсэг хэмээх оршивой” хэмээх сударт буй “Толгой үсэг” нь төвөд болон хэвтээ дөрвөлжин үсгийг хүний тэргүүн, толгой хэлбэрээр бөөрөнхий (өндөг хэлбэртэй) болгон өөрчилж, эгшиг үсгийг соёмбо үсгийн зарим махбодыг ашиглан зохиожээ.
“Толгой үсэг”-ийн давхар үсгүүд
Үсгийн хэлбэрээр нь “Толгой үсэг” гэхээс гадна Өндөр гэгээнтэний өндгөн үсэг ч гэж нэрлэж болохоор байна. Энэхүү цагаан толгойг сайтар ажиглахад нэг талаас төвөд болон хэвтээ дөрвөлжин үсгийн зарим дүрсийг бөөрөнхий болгосон, ү, и хоёр эгшгийг соёмбо үсгийн lang chen sna can буюу зааны хошуу, о, э хоёрыг zla ba буюу сар, түүнчлэн соёмбо үсгийн шад махбодыг цэг болгон авч бүтээжээ. Үүгээр нь бид “Толгой үсэг” нь соёмбо, хэвтээ дөрвөлжин үсгийн дараа зохиогдсон хэмээн үзэж байна.
- Өндөр гэгээнтэний зохиосон үсэг мөн болохын баталгаа
Өндөр гэгээн Занабазар Энэтхэгийн “Ланз”, Төвөдийн Пагва ламын “Дөрвөлжин үсэг” дээр тулгуурлан 1686 онд “Соёмбо” үсгээ зохиосон гэдгийг дурдсан. Энэхүү үсэг нь санскрит, төвөд, монгол хэлний авиа зүйн ялгааг бүрэн гаргадаг. Соёмбоос гадна төвөд болон дөрвөлжин үсгийн хэлбэр дүрст шүтэн зохицуулж хэвтээ дөрвөлжин бичгээ зохиосон. Харин “Толгой үсэг”-ийг төвөд бичгийн цагаан толгойн үсгийг “толгой” хэлбэртэй бөөрөнхий болгон дүрсэлж, зарим үсэг, тэмдгийг соёмбо үсгийн махбодоос авч, төвөд хэл зүйн дүрэмтэй нийцүүлсэн байна. Гэхдээ “Толгой үсэг”-ийг Өндөр гэгээнтэн зохиосон гэдгийг батлах хэрэгтэй юм. Үүний учир дараах үндэслэлийг гаргав.
- Нууц тарнийн ёсонд мэргэжсэн мэргэд гадаад орчны янз бүрийн хэлбэрийн мэдээллийг хоромхон хугацаанд боловсруулах чадвартай болдог бөгөөд энэхүү чадвараа ашиглан төрөл бүрийн шид, увдис үзүүлдэгийн нэгэн жишээ нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн үсэг юм. Өндөр гэгээнтэн нууц тарнийн ёсыг гүнзгий эзэмшсэн, энэ чиглэлээр олон арван бүтээл туурвисан билээ.
- Урлахуй ухаанынэрт зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь Л.Отгонбаатарт энэхүү үсгийн цагаан толгойг уламжлуулан өгч, Өндөр гэгээнтэний зохиосон үсэг болохыг онцлон захисан.
- “Толгой үсэг”-ийн хэлбэр төвөд болон хэвтээ дөрвөлжин үсгийн зарим дүрсийг бөөрөнхий болгосон. Ингэхдээ нэг талаас хүний биеийн тэргүүн нь соёмбо үсгийн нар махбод эсвэл толгойгоо өндөрт өргөх, үл гудайх, дээд талд, тэргүүн ээлжинд, юмны оройд явахыг бэлгэдэн хүний толгой, тэргүүний хэлбэрээр уг үсгээ бүтээж, нэрлэсэн байна.
- “Толгой үсэг”-ийн эгшиг, толгойтой үсэг, зүүлтэд үсгийг үндсэндээ соёмбо үсгийн зааны хошуу, сар, нар махбодоор бүтээсэн.
- Энэхүү цагаан толгойн ү, и хоёр эгшгийг соёмбо үсгийн зааны хошуу, о, э хоёрыг соёмбо үсгийн сар махбодоор тэмдэглэжээ.
- Ү, и болон о, э эгшиг нь арга билгийн эсрэг тэсрэг боловч нэгдэл тэмцэлтэй, аливаа юмс үзэгдэл хөгжил, хөдөлгөөнд оршин, харилцан бие биеэ түшиглэн буйг илэрхийлжээ. Тухайлбал, “ү” эгшгийг нар буруу эргэсэн ороолгоор, “и” эгшгийг нар зөв эргэсэн ороолгоор, “о” эгшгийг өөдөө дэлгэгдсэн сар, “э” эгшгийг уруугаа харсан сар луугаа ижил дүрсэлжээ. Эдгээр нь бүгд соёмбо үсгийн махбодод багтана.
- Давхар үсгийн ра зүүлт, я зүүлт, ва зүүлтийг соёмбо үсгийн сар болон нар махбодоор дүрсэлжээ. Ер нь “Толгой үсэг-д соёмбо үсгийн махбодын чиглэл, байрлалыг өөрчлөн их өргөн ашигласан нь ажиглагдаж байна.
- Соёмбо үсгийн нэг шадыг “Толгой үсэг”-ийн цэгээр, хоёр шадыг өгүүлбэрийн төгсгөл, шүлгийн мөрийн хооронд, дөрвөн буюу хос шадыг бүлгийн төгсгөлд бичнэ. “Толгой үсэг”-ийн үсэг, үеийг ялгахдаа төвөд бичгийн цэгийг авалгүй соёмбо үсгийн нуруу, шад буюу тухайлбал баганы хэлбэрийг цэг болгон ашиглажээ.
- Тойн Жамбалдорж “Бага үзэсгэлэнт нүдэн чимэг”-ийг 1851 онд sku ‘bum byams pa gling gi grwa chen po bzhi’i ya gyal gso rigs dar rgyas gling буюу Гүнбүм жамба хийдийн дөрвөн их дацангийн нэг анагаах ухааныг бадруулагч хийдэд барласан. Энэ барын номны “Язгуурын үндэс”-ийн модны гарчгийг Занабазарын “Толгой үсэг”-ээс гадна “Хэвтээ дөрвөлжин үсэг”-ээр бичсэн нь бий. Ийнхүү бичихдээ эхлээд “Биеийн орших ёс”-ны модны гарчгийг “Толгой үсэг”-ээр бичээд харин “Өвчнийг бодитой таних” аргын гарчгийг хэвтээ “Дөрвөлжин үсэг”-ээр, “Өвчнийг анагаах арга”-ын гарчгийг мөн “Хэвтээ дөрвөлжин үсэг”-ээр тус тус бичсэн байдаг. Үүний гаргалгаа нь тойн Жамбалдорж “Толгой үсэг”-ийг Өндөр гэгээн Занабазар зохиосон гэдгийг илэрхийлэх, мөн Өндөр гэгээтэнийг хүндэтгэн бишрэх үүднээс хоёр үсгийг нь хамтад нь сөөлжүүлэн бичиж үлдээсэн байж магадгүй хэмээн үзэж байна.
- Соёмбо, хэвтээ дөрвөлжин үсэг нь Манж, Хятад, Төвөдөөс ялгарах, монгол үндэстэн тусгаар гэдгийг далд утгаараа илэрхийлсэн гэж үздэгтэй адил энэхүү “Толгой үсэг” ч мөн л тийм санааг илт илэрхийлж, төвөдийн уг үсгийн хэлбэрийг өөрчилж, шинээр зохион өөриймсүүлэх, нөгөө талаар шашны урсгалуудын тэмцлийн улмаас эвдэрлэлцсэн монголчуудын эв эеийг сахих, харь орны улс төр, соёлын нөлөөг бууруулах санааг агуулж байжээ хэмээн үзэх үндэстэй юм. Харамсалтай нь энэ үсэг өөрийн хэргийг гаргаж чадалгүй, нийтэд түгээмэл түгэлгүй үлджээ. Дашрамд дурдахад Өндөр гэгээн Занабазар нь эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмөнх даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайж, Онох Үйзэн, Абутай сайн хаан, Эрэхий Мэргэн, түүний хүү Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү, харин Найман тойн Жамбалдорж нь Найман хошууны есдүгээр засаг төрийн Дархан чин ван, Чингис хааны угсаа болох Балчогийн хүү юм. Одоогоор мэдэгдэж байгаа баримтаас үзэхэд алтан ургийн хойчис Өндөр гэгээн Занабазар “Толгой үсэг”-ийг зохиож, тойн Жамбалдорж “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зохиолдоо уг үсгээр 4 мөрт, хэд хэдэн бичвэр тэмдэглэн үлдээжээ.
Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Толгой үсэг нь Монголчуудын бичиг үсгийн соёлын ялгаатай тусгаар байдлыг хадгалах, хамгаалах, харь орны бичиг үсгийг шууд хуулбарлан хүлээн авах бус ондоошуулан өөрийн болгон боловсруулах чин хүслийн нэгэн илрэл хэмээн үзэж байна. Тийм ч учраас ланз үсэгт тулгуурлан соёмбо, дөрвөлжин үсэг болон төвөдийн толгойгүй үсэгт үндэслэн хэвтээ дөрвөлжин, төвөд үсгийг хувирган толгой үсгээ тус тус зохиожээ. Өндөр гэгээн Занабазар нэгэнт Энэтхэг, Төвөдийн соёл, буддын шашны мэдлэг, ухаан төвөд хэл бичгээр дамжин хүчтэй нөлөө үзүүлж байсан цаг үед харь орны бичиг үсгийг шууд хуулбарлан авахаас илүүтэй төвөд үсгийн эх санскрит хэлний дэванагари (Devanāgarī script) үсэг, уг үсгийн эх брахми үсэг тухайлбал өмнөд Энэтхэгийн Паллава үсэг (Pallava script or Pallava Grantha)-ийн хэлбэрт дулдуйдан төвөд үсгийн хэлбэрийг хүний биеийн дээд хэсэг, сэтгэн бодох цогц төв толгой (тэргүүн)-н хэлбэрээр өөрчилжээ. Хэдийгээр энэ үсэг нийтэд түгэж, өргөн хэрэглэгдээгүй боловч Монголын уламжлалт анагаах ухааны эм судлалын нэрт эрдэмтэн, бичгийн их хүн тойн Жамбалдоржийн эмийн номонд энэ үсгээр 4 мөрт шүлэг, зарим жижиг гарчиг тэмдэглэгдэн үлдсэний зэрэгцээ, уг үсгийн цагаан толгой нь бүтнээрээ уламжлагдан иржээ. Цаашид, академич Ц.Дамдинсүрэн гуайн “Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэж хэлсэнчлэн “Толгой үсэг”-ээр бичсэн ном, номын хуудсууд олдож бидний судалгаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.