Украинчуудын амьдарч байсан Оросын нутаг дэвсгэрийн тухай тогтоолд ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2024.01.22/ гарын үсэг зуржээ. Тогтоолын дагуу өнөөгийн Оросын нутаг дэвсгэрт амьдарч байсан украинчуудын түүхийг судлах, сурталчлах, хамгаалах арга хэмжээ авна. Зеленский нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг Эв нэгдлийн өдөрт зориулан үг хэлэхдээ зарлигт гарын үсэг зурснаа мэдэгдэв.
Тогтоолын зүйл заалтыг Украины засгийн газар олон улсын шинжээчидтэй хамтран боловсруулсан. Тогтоолд ОХУ-ын нутаг дэвсгэрт украинчуудын үндэсний онцлогийг хадгалах төлөвлөгөөг боловсруулах ёстой гэж заажээ. Эдгээр бүс нутагт украинчуудын түүхийг хадгалах ёстой гэж тунхаглаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын ташаа мэдээлэл, суртал ухуулгатай тэмцэнэ. Мөн тэднийг албадан оросжуулж, улс төрийн хэлмэгдүүлэлт, цөллөгт явуулсан тухай мэдээллийг бүртгэх ёстой.
ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байсан украин угсаатны жинхэнэ түүхийг боловсролын сурах бичигт мөн тусгах ёстой гэж тогтоолд заажээ.
Украинчууд амьдарч байсан нутаг дэвсгэрт Крымын хойгийн зүүн хэсэгт орших түүхэн бүс нутаг болох Кубан, Черниговын хойд хэсэгт орших Стародубщина, хойд болон зүүн Слободанщина мужууд багтаж байна. Слобода буюу Слободанщина нь Хаант засаглалын үед одоогийн Украины зүүн хойд хэсэг, гол төлөв Сумы, Харьков, Луганск мужууд болон Оросын баруун өмнөд хэсгийг хамарсан хагас автономит бүс нутаг байв. Харин одоогийн Краснодарын хязгаарын ихэнх хэсэг нь түүхэн Кубан, Брянск муж нь Стародубщина байжээ.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT