М.Бадарчид холбогдох спортын арбитрын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч нэгдүгээр сард болсон. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 21 буюу өнөөдөр товлон тогтоосон юм.
Хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Мөн ХЗДХЯ-наас М.Бадарчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тус арбитрын хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжийг хангах хүсэлт явуулсан талаар өмнө нь мэдээлсэн
Улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан байдаг.
“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” нь ТББ-ын статустай. М.Бадарч анх хандахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Шинжилгээ авахад оролцсон АТГ, ТЕГ-ын ажилтнууд нь мэргэжлийн сургалтад суугаагүй гэсэн үндэслэл тавьсан. Харин урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр үүнийгээ өөрчилж, “Шээс сольсон” хэмээн маргаж эхэлсэн юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, М.Бадарч энэхүү шинэ маргах үндэслэлээ албан ёсоор буюу бичгээр өгөөгүй байна.
Иймд маргааны үндэслэл анхныхаар, процессын алдаа гарсан гэдэг үүднээс хэвээр үлджээ.
Мөн спортын арбитр ХЗДХЯ-ны хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна.