Өнөөдөр аргын тооллын 2023 оны зургадугаар сарын 22. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.
Энэ өдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Учир нь энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашаас хөөрөх цэг нь доошилдог. Тиймээс монголчууд нар буцна гэж ярьдаг.
Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход өдөр, шөнө тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохионо. Жилийн дөрвөн улирлын эдгээр өдрүүдийг хавар, зун, намар, өвлийн хамгийн оргил өдрүүд гэж үздэг байна.
Харин шинжлэх ухааны ойлголтоор зургадугаар сарын 22-нд дэлхий нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.
Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургадугаар сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг. Зуны туйл эхлэх улирал өнөөдөр 11 цаг 57 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.