АНУ-ын Жо Скаравела гэх бизнес эрхлэгчийн эмээ хориод жилийн өмнө нас баржээ. Тэр Итали эмээгийнхээ гарын хоолыг ихэд санадаг тул хүн бүрт эмээгийнх нь гарын хоолыг ахин амтлуулахыг хүсэн өөрийн ресторанаа байгуулжээ. Чингээд улс улсын уламжлалт хоолыг гаргууд эзэмшсэн эмээ нартай хамтран ажиллах болсноор ресторанаа зөвхөн эмээ нарын өвөрмөц жор бүхий гарын хоолыг гаргадаг дотно газар болон хувиргасан байна.
Нью-Йорк хотод байрлах “Enoteca Maria” ресторан нь өдгөө 50-91 насны Итали, Япон, Перу, Шри Ланка зэрэг өөр өөр улсын гучаад тогоочтой болон өргөжиж, зочилсон хүн бүрт өөрсдийнх нь хүссэн эмээгийн гарын хоолыг амтлуулах болжээ.
Үүсгэн байгуулагч Жо Скаравела “Америк болон олон соёлын нэгдэл улс. Тиймээс ч ресторанаа энд нээх нь хамгийн зөв шийдэл байсан. Эмээ нар үнэхээр хайр дүүрэн хүмүүс. Зочдоо яг л хүүхдүүд шигээ дотночлон харьцаж, заримыг нь эмээгийнх нь өмнөөс тэвэрдэг” гэжээ.
Эмээ нарын хоолны жор бүр өв уламжлагдан ирсэн өвөрмөц орц найрлагаар баялаг гэнэ. Тэд бүгд ээж, эмээ, элэнц хуланцаасаа жоруудыг өвлөн авсан нь он удаан жилийн өв соёл болох нь бүр ч гайхалтай!
Эх сурвалж: People